Нью-Иоркт болсон Хөрөнгийн биржийн хуралд Сангийн сайд С.Баярцогт гаднын байгууллагын зардлаар явсан нь гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг шалгаж өгөөч гэсэн агуулгатай гомдол УИХ-ын Ёс зүйн дэд хороонд иржээ. Өргөдлийг тус хорооны гишүүн Ц.МөнхОргил хянаж үзсэн байна. Гэвч тэрбээр гадаадад яваа учир ирэхээр нь Дэд хороо хуралдах гэнэ.
Мөн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нартай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Ерөнхий сайдад хандсан. Гишүүдийг үл тоомсорлосон хоёр сайдын асуудлыг ч Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх талаар хэвлэлүүд мэдээлжээ. Үүнийг тус Дэд хорооны дарга Г.Баярсайханаас лавлахад “Манайд зөвхөн Сангийн сайдын гадаад томилолттой холбоотой асуудлаар өргөдөл ирсэн, түүнийг л хэлэлцэнэ. Хоёр сайдын талаар УИХ-ын даргын гаргасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор ярина” гэлээ.