Монголын мянганы сорилтын сан, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Замын цагдаагийн газартай хамтран бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анхаар би” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн нээлт өчигдөр нийслэлийн АтаТуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 1143 сурагчид цацруулагчтай уут бэлэглэснээр эхэллээ.
Энэ үеэр Хүүхэд өсвөр үеийг ивээх төвийн тэргүүн О.Хулангаас дээрх уутыг хэрэглэснээр ямар үр дүнд хүрэх, уут хэр бат бөх болох талаар лавлахад “Гаднын орнуудад сурагч, бага насны хүүхдийн хувцас, цүнх, малгайнд жижиг цацруулагчтай тэмдэг зүүдэг нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход ихээхэн тустай байдаг нь харагдаж байна.
Тиймээс эхний ээлжинд бага ангийн сурагчдад цацруулагчтай уутыг байнга хэрэглэж, хэвшүүлэхийг зорьж байгаа юм. Уутыг угааж, арчлахад хялбар, амархан урагдаж, сэмрэхгүй материалаар хийсэн. Харанхуйд гэрэлтдэг болохоор шөнийн цагаар гардаг зам тээврийн осол тодорхой хэмжээгээр багасах байх. Хамгийн гол нь эцэг эхчүүд, багш, жолооч нар энэ уутыг хүүхдүүдэд хэрэглэж, хэвшихэд нь туслах ёстой.
Туршилт амжилттай хэрэгжвэл төслөө үргэлжлүүлэн, цацруулагчтай уутныхаа хэлбэрийг өөрчлөх боломжтой” гэв. Авто замын ойролцоо байрладаг нийслэлийн гурав, тав, 34, 76, Төв аймгийн Баянчандмань сумын бага ангийн сурагчдад энэхүү цацруулагчтай уутыг бэлэглэх юм.
Дашрамд дурдахад он гарсаар бага насны 560 хүүхэд зам тээврийн осолд орсноос есөн хүүхэд амиа алджээ.
Б.Март