Өнгөрсөн пүрэв гаригийн үдэш Улсын филармонийн тоглолтын тайзнаа Р.Корсаковын хэдгэнэ дүнгэнэж, Пабло Сарасатегийн цыган зүрх сэтгэлээ уудлан дуулж, П.И.Чайковскийн залуус испани бүжиг товшиж, унгарчууд “Чардаш”-ынхаа аялгуунд дэрвэн эргэлдэв.
Оны шилдэг хөгжмийн уран бүтээлчдийн “Virtuoso Concert” ийм л сэтгэгдэл төрүүлэв. Ес дэх жилдээ болсон тоглолт урьд урьдынхаасаа илүү баялаг хөтөлбөртэй, чадварлаг олон авьяастныг үзэгчидтэй уулзуулсан юм.
Тоглолтод 13 настай морин хуурчаас эхлээд дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг , шилдэг хийлч Ц.Мөнхболд, этно жааз урсгалаар бүтээл туурвидаг “Арга билэг”, “Бөртэ” хамтлаг гээд нийт 12 уран бүтээлч, хамтлаг оролцсон.
Тэднээс авьяаслаг 10 хүүхэд виолончельчээр Армяны нэрт хөгжмийн зохиолч А.Арутюняны “Экспромт”-ыг гайхалтай эгшигл үүлснийг онцолмоор байна. Тэд сүрлэг уулсын бараа, горхины чимээг сэтгэлт хосын хайрын бүжгийн хамт дүрслэн нүжигнүүлэх мэт сүртэй сайхан тоглов.
Оны шилдэг хөгжмийн уран бүтээлчдийн энэ удаагийн тоглолтод үзэгчид сэтгэл хангалуун байлаа. Уламжлал ёсоор уран бүтээлчдийг үзэгчид нь шагнаж урамшуулав.
Тухайлбал, дуурийн шилдэг дуучинд “П.Ганбат сан”-гийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжав болон эдүгээ АНУ-д амьдарч буй дуурийн дуучин Э.Саран нар өөрсдийн шагналаа гардуулсан.
Ж.Эрдэнэцэцэг