Үргэлж эв нэгдэлтэй харагддаг МАХН нэрээ өөрчилж, МАН болсноос хойш дотоод зөрчил нь ил гарлаа. Тус намын гишүүд МАХН, МАН гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Зөв харж инээсэн хэсэг нь Социнтернд намаа бүртгүүлж, нөхөн сонгуульд ялалтын буухиагаа үргэлжлүүлэн, 132 үүрийнхээ шинэ там гыг албан ёсоор гардуул лаа. Бүх зүйл сайхан, бүтэмжтэй болж байгаа дүр төрх эндээс харагдана.
Буруу харж уйлсан хэсэг нь мэдээж МАХН-д бууриа сахигч дын баг. Тэд удирдлагаа шүүмжилж, МАН бол олигархиудын нам, энгийн гишүүдээ үл тоодог, 90 жилийн түүхтэй МАХН-ыг “булшлахыг” оролдлоо гэцгээж байна. Тиймээс МАХН-ын түр штаб байгуулан болохгүй бүхнийг Онц их хурал зарлан шийдэхээр ажиллах болов. Тэдний талаас үзвэл бүх зүйл болохгүй байна.
Тэнд үүрүүдийн дарга нар тамгаа гардан инээмсэглэж байхад МАХН-ыг дэмжсэн гишүүд нь нөгөө талд хурлаа хийж, шинэ дарга сонгов. Нэг ёсондоо МАН “салаалжээ”. Уг намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Нэр солихыг дэмжихгүй гишүүд байр сууриа илэрхийлж болно, гэхдээ олонхийн шийдвэрийг дагах ёстой. Тэнгэрийн дор амьдарч, хууль дор захирагдана” гэсхийгээд сууж байна. Гэхдээ түр штабыг дэмжигчид тэдний санаснаас олон болж, газар авч буйд дотроо түгшин хариу ямар “цохилт” өгөхөө төлөвлөж байна.
Н.ЭНХБАЯР “АРДЫН БААТАР”- ЫН ДҮРЭЭР ЭРГЭН ИРЭХ ҮҮ
МАХН-ын түр штаб байгуулсныг албан ёсоор Ц.Шинэбаяр гишүүн зарласнаас хойш 10 гаруй хонож байна. Үүрүүдээрээ ажиллаж, дэмжиж буй гишүүдээ бүртгэн, бүхнийг байранд нь оруулах Онц их хурлыг зарлах нь уг штабын ойрын зорилт. Үүнийгээ ч хэрэгжүүлээд эхэлжээ.
МАХН-аа авч үлдэх нь зөв гэж үзсэн 9000 орчим хүн штабынханд бүртгүүлсэн аж. 10 орчим үүр хуралдаж, Онц их хурал зарлахыг дэмжсэн, эхнээсээ төлөөлөгчөө сонгочихсон байна. Эдгээрээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 106 дугаар үүр дээр олны анхаарал төвлөрч буй. МАН ба МАХН-ын түр штабынхны талцаж буй бодит жишээ нь энэ. Өнгөрсөн даваа гаригт МАХН-ын 106 дугаар үүр хуралдаж, дарга асан Н.Энхбаярт “Намаа авраач” гэсэн утгатай ил захидал илгээсэн аж. Н.Энхбаяр ч энэ мэдээллийг маш хурдан авч, хуралд нь хүрэлцэн очжээ.
Тэгвэл үүний маргааш Чингэлтэй дүүргийн МАНын хорооны болон 106 дугаар үүрийн албан ёсны дарга нь мэдээлэл хийж, “Тэд хуурамч. МАН-ын 106 дугаар үүрээс хурал хийгээгүй. МАХН-ын зүй ёсны үргэлжлэл нь МАН болчихоод байхад тэд хууль зөрчиж уг нэрийг ашиглалаа.
Н.Энхбаяр гуай алдаагаа ухамсарлах байх. Энэ бол зохион байгуулалттай арга хэмжээ” гэх мэтээр ярив. Өчигдөр өнөөх “хуурамч” нөхөд нь мэдээлэл хийж, “Бид биш, МАН-ын дарга нар өөрсдөө хууль зөрчсөн. Н.Энхбаярыг манай үүр их хурлаас өмнө урьж, уулзахыг хүсэж байсан. Зохион байгуулалттай биш. Бид үзэл бодлоороо яваа болохоос түүний заасан замаар замнаагүй” гэлээ. МАХН-ын XXVI их хурал дээр Ц.Шинэбаяр, Н.Энхбаяр нарын зургаан хүн л нэр, үзэл баримтлал солихыг эсэргүүцсэн.
Дараа нь Ц.Шинэбаяр МАН-ын бүлэгт орохоос татгалзаж, түр штаб байгуулсан. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяртай санаа зорилго нэг гэдэг нь анхнаасаа ил байв. Хэдийгээр тэр өөрөө “Би хэн нэгний хүн биш. Үзэл бодлоороо яваа” хэмээн яг л үүрийн гишүүд шигээ хариулдаг ч олон нийт түүний үйлдлийг Н.Энхбаярын дохиогоор хийж буй гэж ойлгож байна.
Н.Энхбаяр МАХН-ыг аврах “ардын баатар”-ын дүрээр улс төрд эргэн ирэхийг хүссэн бололтой. 106 дугаар үүрийнхэн “Бид хэнд хандахаа мэдэхээ байгаад Н.Энхбаяраас зөвлөгөө хүссэн” гэсэн. Гэхдээ намын дарга болооч гээгүй шүү гэхээ мартсангүй. МАХН-ын түр штабынхан дэмжигч гишүүдээ бүртгэсээр байгаа аж. Энэ сарын 29-ний байдлаар 9000 орчим гишүүн бууриа сахиж, онц их хурал зарлахыг дэмжихээ мэдэгдсэн байна.
МАН-ЫН УДИРДЛАГЫН НҮҮДЭЛ
XXVI их хурлаараа МАХН нэрийг МАН болгож өөрчлөхийг төлөөлөгчдийн олонх дэмжиж, С.Батболд сулхан дуугаар ура хашгирч, У.Хүрэлсүх баярлан дэвхцэж байв. Төрийн ордны их танхимын урд эгнээнд сууж, “Би найдсаар байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан Н.Энхбаярын царай яг тэр агшинд хэрхэн барайсан дүр төрх ч гэрэл зурагт үлдсэн.
Тэр үед тэрбээр ялагдсан. Тавьсан шаардлага нь газар аваагүй. Гэхдээ одоо 9000 гишүүн түүнийг дэмжиж, Онц их хурал хуралдуулах шаардлага нь МАН-ын удирдлагын хүсэл зоригоос үл хамааран биелэхэд ойртож буй учир тэд айж эхэлжээ. Уржигдар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондогийн мэдээллийг сонссон байна.
Тэр түр штабын талаар ярьжээ, бас байдал бишдэж мэдэх учир үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгээд харзна гэсэн зөвлөгөө өгсөн сурагтай. Түр штабтай холбоотой үйл явцад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрах ёстой” гэсэн билээ. Бас тэднийг буруугаа ухамсарлана гэж итгэж буйгаа, бүр болохгүй бол шүүхэд хандахаа мэдэгдсэн. Гишүүнчлэлээсээ нэг ч хүн татгалзаагүй учир байдал бишидвэл хариуцлага тооцох гэнэ.
Гэтэл тэд МАН болчихсон. Гишүүд нь МАХН-ын гэсэн батламжтай. Тиймээс Ц.Шинэбаяр нар “МАН-ын удирдлага МАХНын гишүүнд хариуцлага тооцохгүй” гээд бардам байна. С.Батболд, У.Хүрэлсүх нар энэ талаар тооцоолж, хариу “цохилт” хийх төлөвлөгөөгөө бодож буй нь мэдээж. МАХН эсвэл МАН бужигнаж буй үед гишүүдийнхээ тоог ч тэд алдчихжээ.
Чингэлтэй дүүргийн 106 дугаар үүр 220 гишүүнтэй хэмээн албан ёсны дарга нь мэдэгдсэн ч “хуурамч” нь 130 гаруй гэх юм. Одоохондоо нэг ч хүн МАН-ын гишүүн болоогүй. Өөрөөр хэлбэл, батлахаа солиогүй байгаа. Санал нийлээгүй хэн нэг гишүүн МАХН гэсэн нэр, бэлгэдлийг ашиглахыг хориглохоор Улс төрийн намын тухай хуульд заасан ч Ц.Шинэбаяр цоорхой хайж, аргалахаар хичээж байна.
Түр штабынхан МАХН нэрээ сэргээх үү, эсвэл МАН-ынхан “хуучин цагаа дурсаж”, жигүүрээ “бууддаг” шиг арга хэмжээ авах нь уу. Үйл явц өрнөж байна.