Нэр, үзэл баримтлалаа сольсныг нь эсэргүүцэж МАХН-ын түр штаб байгуулагчдыг МАН-ын удирдлага “буудаж” эхэлжээ. МАХН-ын буурийг сахин МАН-тай тэрсэлдэгчдийн эгнээ тэлэх шинжтэй болж, С.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнийг айлгаж эхэлсэн цагаас бодсон хариу нүүдлээ тэд хэрэгжүүлж эхлэв. Өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн МАНын Хяналтын хороо хуралдаж, ”олон юм ярьсан” УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг “хүсэлтээр” нь МАН-аас гарсанд тооцсон тогтоол баталлаа.
Тус намын дүрэмд “хөөх” гэсэн үг байхгүй аж. Тиймээс дүрмийнхээ 6.1-д зааснаар “МАН-ын гишүүнээс гарсанд тооцсугай” хэмээх “соёлтой” үг тогтоолд тусгажээ. МАН-ын Хянал тын ерөнхий хорооны дарга Л.Дондог энэ талаар өчигдөр УИХ дахь бүлгийнхээ гишүүдэд мэдээлэл хийжээ. Ингэснээр 46 гишүүнийхээ нэгээс “хагацаж” байгаа эсэхийг Бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас лавлахад “Үүнийг бүлэг хэлэлцэхгүй. Гишүүний асуудлыг намын дүрмээр шийддэг.
Бүлгээр зөвхөн мэдээлэл л сонслоо” гээд илүүг ярихыг хүссэнгүй. Ц.Шинэбаярыг МАН-аас гарсанд тооцсон учраас дүрмийн дагуу УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо ч нэгээр цөөрч, тэрбээр сул гишүүн болох нь. МАХН-д чин үнэнчээ тунхагласан Ц.Шинэбаярыг энэ талаар дуулиан дэгдээхээс өмнө олон нийт төдийлөн таньдаггүй байлаа. Дорнод аймгаас сонгогдоод бүрэн эрхээ арай хожуухан баталгаажуулсан энэ эрхмийн ард МАХН нэрээ солих яриа гарсан цагаас тууштай эсэргүүцсэн, тус намын дарга асан Н.Энхбаяр байгаа тухай мэдээлж буй.
Нэг ёсондоо Ц.Шинэбаяр түүний гарын хүн болж дуугарч буй аж. Тэгвэл сонирхолтой нь, олны өмнө түүнийг “утсан хүүхэлдэй” болгосон атлаа Н.Энхбаяр 2-3 хоногийн өмнө МАН-ын дарга С.Батболдтой уулзахдаа “хувьсгал”-ын үйл хэрэгт оролцох итгэл төгс биш байгаагаа илэрхийлээд “Би МАН-аас гарах бодолгүй байна. МАН-ын Бага хурлын гишүүн хэвээр үлдэнэ” хэмээн аминчлан хэлжээ.
Гэхдээ энэ бол МАН-аас гарахгүй гэсэн үг биш. МАХН нэрээ солихыг эсэргүүцсэн байр суурийг нь хэт хувьсгалч маягаар дэмжинэ. Түр штаб гээчийг хүртэл байгуулан, улс төр “хийж” Ц.Шинэбаяр, Н.Удвал нарын үйл ажиллагааг хүмүүс хэрхэн хүлээж авахыг харзнаж байж шийдвэр гаргана гэсэн агуулгатай бөөрөнхий хариу өгч, нүхээ малтжээ. Байдал бишдээд МАХН-ын түр штабынхны дуу хоолойг МАН дарж чадвал ард нь цэвэрхэн үлдэх гэсэн арга биш гэж үү, энэ. “Удирдагч” нь ингэж яриад гүйж явах, бас МАН түүнийг гишүүнээсээ хасаж байх үеэр Ц.Шинэбаяр Дорнодод “соёлын үр” тарьж, МАХН-аа аврах ухуулга хийсээр яваа аж.
Өчигдөр түүнтэй утсаар холбогдож тогтоолын талаарх бодлыг нь асуув. Тэрбээр “Би угаасаа МАН-д элсээгүй юм чинь гарах, гаргах, хариуцлага тооцох асуудал байхгүй. Тэгж ярьвал би Дорнод аймгаас сонгогдсон. Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо нийслэлээс сонгогдсон гишүүддээ л хариуцлага тооцно. Элсээгүй намайг гаргаж байгаа юм бол удахгүй АН-ын Н.Алтанхуяг, ИЗНын С.Оюуны асуудлыг ч авч хэлэлцэх нь л дээ” гэв.
Өөрт нь хугацаа олгож, буруугаа ухамсарлахыг нь хүлээж буй, тэгэхгүй бол хариуцлага тооцно гэсэн намын удирдлагын мэдэгдлүүдэд хариу болгож тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30- нд МАН-ын дарга С.Батболдод шаардлага бичиг хүргүүлсэн юм билээ. Түүндээ “Намд нь элсээгүй хүнд хариуцлага тооцох, намаас хасах боломжгүй” гэсэн санаагаа давтсан аж. Гэтэл МАН-ынхан хасаж орхилоо.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондогоос энэ талаар лавлалаа.
-Ц.Шинэбаяр гишүүний намын даргад өгсөн шаардлага, МАН-д элсээгүй, элсэхгүй гэж хэвлэлээр удаа дараа мэдэгдсэнийг нь харгалзаад дүрмийн 6.1-д заасны дагуу хүсэлтээр нь намаас гарсанд тооцсон тогтоол баталсан. Хуулийн дагуу бол МАХН-ын бүх гишүүн МАН-ынх болсон. Нам нэрээ өөрчилсөн, Дээд шүүхээс өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан, 161300 гишүүнтэй гэж бичсэн байгаа юм. Энэ дотор Ц.Шинэбаяр, Н.Удвал зэрэг түр штаб байгуулсан бүх хүн орж байгаа. Гэтэл тэд “МАХН-ын удирдлага л МАН байгуулж тасарч гарсан” гэсэн ухуулга хийж байна.
-Түүнтэй ижил байр суурьтай гишүүдийг яах вэ. Тухайлбал, түр штабын ард байгаа гэж буй Н.Энхбаяр гуайд ямар арга хэмжээ авах бол?
-Өнөөдрөөс манай намын удирдлагууд Н.Удвал болон дүүргүүдэд ажиллаж буй түр штабын зохицуулагч нартай уулзаж эхэллээ. Хэрэв тэд байр сууриа үргэлжлүүлнэ гэвэл намаас гарсанд тооцсон тогтоол гаргана. Н.Энхбаярын тухайд 2-3 хоногийн өмнө түүнтэй намын дарга уулзсан. Тэгэхэд одоохондоо намаас гарахгүй, байдлыг ажиглана гэдгээ тэрбээр хэлсэн.
-Тэр хүмүүс “Бидэнд МАХНын гишүүн гэсэн батлах бий” гэж тайлбарладаг. МАН хэзээ гишүүний батлахаа солих вэ?
-МАН болчихсон учир шинээр батлах хийнэ. Үндсэн загвараа баталж байгаа, нэгдүгээр сараас гишүүддээ өгнө.
С.ТУУЛ