“Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хөдөлгүүр асч, хүчээ авч эхэллээ. Тас цавчих арга хэмжээний эхний сайн үйлдлүүд гарлаа” гэсэн дүгнэлтийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон хийв. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”- ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн III хуралдаан Төрийн ордонд өчигдөр боллоо.
Хуралдааныг Ерөнхий сайд С.Батболд даргалсан бөгөөд энэ ажлыг эхлүүлснээр бизнесийн орчин шууд сайн болчихгүй зөвхөн суурь тавигдаж байгааг, бас он дууссанаар энэ ажил дуусахгүй цааш үргэлжилнэ гэдгийг онцолсон юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, шинэтгэлийн жилийн хүрээнд бизнесийн орчинг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод ойлгомжтой болгон хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсныг зарим тоо баримтаар дурдлаа. Тухайлбал, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулснаар 10 гарын үсэг хоёр болсон бол, барилгын бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрлийн гарын үсэг 16 байснаа зургаа болж цөөрснийг, мэргэжлийн хяналтын байцаагч нарын гарын үсэг наймаас дөрөвт хүрснийг онцлов.
Түүнчлэн бизнес эрхлэгчдийн өдөр тутам харьцдаг гааль, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэлийн ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж, энэ ондоо багтаан тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх чиглэлээр тодорхой алхам хийх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд М.Энхболд хийсэн мэдээлэлдээ нийт 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалт гаргасныг дуулгаад, үүнээс 107 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал боловсруулаад байгааг тэмдэглэв.
Төрөөс олгож байгаа зөвшөөрлийн тоог бууруулах, хүнд суртлыг багасгах бас нэг арга нь зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэж ажлын хэсэг үзэж буйгаа ч тэмдэглэж байсан. Барилга барихын тулд 114-120 албан тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг авч, энэ ажилд дунджаар 480 гаруй хоног зарцуулдаг гэх судалгаа байдаг бөгөөд, гарын үсгийг 56 болгож, хоногийн тоог 182 хоног болгож бууруулах бололцоо бийг ч Шадар сайд дурдсан.
Ерөнхий сайд эдгээр мэдээллийг сонссоны дараа “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомж, хуулийн нэмэлт өөрчлөлт, бодлого хөтөлбөрийг энэ сарын 20- ны дотор багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.