Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Тайландын Вант Улсад хийж буй албан ёсны анхны айлчлал 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын албан ёсны энэхүү айлчлал нь Тайландын Вангийн төрсөн өдөр, Тайландын ард түмэн үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж буй үед тохиож байгаа нь онцлог байна.
Сайд Г. Занданшатар Монгол оронд хоёр удаа айлчилж, Монголын ард түмний сайн танил болсон Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр орны ард түмний харилцан ойголцлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр болон дэлхийн улс түмний эв нэгдэл, олон үндэстний хүүхдүүд, түүний дотор монголын хүүхдүүдийн сайн сайханы төлөө хийж байгаа хүмүүнлэгийн үйл хэргийг нь өндрөөр үнэлж, баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан “Алтан гадас” одонг гардуулав.
Мөн Гадаад харилцааны сайд Г. Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос түүний аав Цог Жавхлант Ван Бумибол Адулядет-д болон Вангийн гэр бүлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлсэнийг уламжилж, урт удаан наслахыг ерөөв. Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Монгол Улсын Төр, Засгийн газраас өндөр хүндэтгэл үзүүлж ийнхүү шагнал гардуулж байгаад талархалаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв.