Оюутолгойн ордод эзэмших төрийн мэдлийн хувь 34 хувиас долоо болж буурч буй тухай мэдээлэл олон нийтийн анхааралд байна. Засгийн газрын өчигдрийн хурал даанаар Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцуулсан юм. Эцэст нь Ерөнхий сайд “Оюутолгойн ордод эзэмших төрийн мэдлийн 34 хувь хөдлөөгүй, хөдлөх ч үгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Мөн “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Ингэхдээ Монгол Улсад, ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой. Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засаж залруулъя гэсэн байр суурь дээр Ерөнхий сайдын хувьд би хатуу зогсч байгаа.
Тиймээс гэрээг Монгол Улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг наймдугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж ТУЗ-ийн арванхоёрдугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” хэмээн тэмдэглэв.
Төрийн мэдлийн хувийг тойрсон мэдээллийг олон ний тэд цацсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Мэдлэггүй хүмүүсийг төөрөгдүүлсэн” болж таарав. 19.40 цагт Ерөнхий сайд, Сангийн болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Дээрх хэлэлцээ зөвхөн хувь нийлүүлэгчдийн гэрээг тойрон өрнөсөн юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөөгүй гэсэн үг. Тодорхой тохиролцоо хийж, ахиц гарсан тул уг гэрээнд оны өмнө өөрчлөлт оруулах үүргийг хоёр сайд хүлээжээ.
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хэлэлцээд ийм үр дүнд хүрсэн аж. Оюутолгой төсөлд оруулах хөрөнгө оруулалтын нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляц дээр нэмэх нь 9.9 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR дээр 6,5 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурна гэсэн үг аж.
Мөн давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжилт олох арга будилаан үүсгэсэн учир өөрчилж, “зээлийн гэрчилгээ”-ний арга хэрэглэх, уг ордод гаднын Засгийн газрын оролцоотой төрийн өмчит хуулийн этгээд оролцох тохиолдолд манай Засгийн газраас заавал бичгээр зөвшөөрөл авахаар талууд тохирч чадсан юм байна. Сэтгүүлчдэд цөөн асуулт тавих боломж олгов.
-Н.Батбаяр гишүүн Оюутолгойн ордод төрийн эзэмших хувь долоо болж буурсан гэсэн. Ямар аргачлалаар ийм тооцоо хийсэн юм бол?
С.Баярцогт /Сангийн сайд/: - Хувьцаа эзэмшигчид санхүүжүүлэх, компани өөр дээрээ зээл авах, гаднын буюу гуравдагч этгээдээс авах, давуу эрхийн хувьцаа гаргах гэсэн санхүүжилтийн дөрвөн арга бий. Эхний гурван арга дээр компани өөрөө эрсдэл хүлээнэ. Давуу эрхийн хувьцаа бол санхүүжилтийн энэ дөрвөн аргын нэг. Өөрөөр хэлбэл, өөр хүн оролцоно, улмаар тэр нь эрсдэлээ хуваалцдаг арга юм.
Манайд уг механизмыг ашиглах туршлага байхгүй. Бүх компани энгийн хувьцаа гаргадаг. Давуу эрхийн хувьцаа гаргаснаар үндсэн хувьцаанд нөлөөлөхгүй, зөвхөн хүү авдаг. Гэтэл одоо үүнийг гаргаснаар хүү, ногдол ашиг авна, бас энгийн хувьцаандаа нөлөөлнө гэсэн буруу мэдээлэл өгөөд байна. Тийм зүйл байхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд ногдол ашиг хувааж авахаас өмнө давуу эрхийн хувьцааг бүгдийг нь эргүүлж худалдаж авах ёстой. Тиймээс дээрх яриа бол мэдлэг муутай хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн л үйлдэл.
Гэхдээ гэрээнд санаа зовсондоо ярьсан гэж ойлгож байгаа. Хөрөнгө оруулагч талтай энэ талаар ярихад тэд “Давуу эрхийн хувьцаа гаргах аргыг монголчууд ойлгохгүй, буруу тайлбарлаад байна. Санхүүжилтийн өөр механизм ашиглая” гэсэн. Тиймээс энгийн зээл болгох “зээлийн гэрчилгээ” гэдэг шинэ механизм хэрэглэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагч талтай бид хөрөнгө оруулалтын болон хувь эзэмшигчдийн гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулдаг.
Сүүлийнхийг нь сая ярьсан. Энэ бол компани байгуулсан талууд өөр хоорондоо ашгаа яаж хуваах вэ, санхүүжилтээ хэрхэн босгох, ямар хариуцлага хүлээхийг зохицуулсан гэрээ.
С.УУЛ