Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс сэтгүүлчдийн дунд “Сонирхлын зөрчил Монгол Улсад” сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ. Үүнийг тус бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар өчигдөр мэдээлэв. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан ийм арга хэмжээ зохион байгуулж буй аж.
Энэ нь олон нийтийг соён гэгээрүүлж, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурласан байх ёстой гэнэ. Бүтээлийг энэ сарын 23-ныг дуустал хүлээн авах юм байна. Сонин, телевиз тус бүрээр 1-3 дугаар байр эзлүүлэх нь. Нэгдүгээр байр 500 мянга, удаах нь 300 мянга, гуравдугаарт орвол 100 мянган төгрөгөөр шагнах аж.
Авлигын гэмт хэргийг тэр бүр илрүүлж, шүүхээр шийдэж чаддаггүй. Тиймээс бодит авлигыг хэвлэл мэдээлийн салбарынхан л илрүүлж чадна гэж тэд үзжээ. Энэ талаар Ж.Сүхбаатар “Улс төрийн авлига сонгуулийн үеэр илэрдэг. Бохир мөнгө урсдаг. Санхүү, бүртгэлийн систем асуудалтай учраас л бохир мөнгө угаах боломж бүрдээд байна.
Мөн сонирхлын зөрчил их бий. Хэлэлцэж буй асуудал тухайн гишүүний хувийн бизнестэй холбоотой бол оролцох ёсгүй. Уг сонирхол авлигын суурь болж байна. Сэтгүүлчид ийм сонирхлын зөрчилтэй хүнийг бодит баримт дээр тулгуурлан илрүүлээсэй” гэлээ.