Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны 800 гаруй гишүүн өчигдөр цуглаж, “Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн дуу хоолой” сэдэвт дөрвөн сарын аяныг эхлүүлэв. Энэ оны аравдугаар сард болсон тус холбооны VI чуулган, намын XXVI их хурлын шийдвэрийг сурталчлах, 90 жилийн ойг угтан хийж буй энэхүү аяны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, өрхийн бизнесийг хөгжүүлэх, гэр бүлээр дамжуулан хүний хөгжлийг хангах, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр орчинд амьдрах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангахаас гадна нийгмийн ардчиллын аяныг эрчимтэй өрнүүлж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож, тэдний оролцоог хангахад анхаарах юм байна.
Түүнчлэн Д.Сүхбаатарын гэргий, Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Янжмаагийн дурсгалд зориулсан “Хатагтай” клубын цугларалтыг зохион байгуулж, сонгогчдын иргэний боловсролыг дээшлүүлэх бичил төсөл хэрэгжүүлэх аж. Энэхүү хуралд Ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Ганди нар оролцов.
Манай улсад малын гоц халдварт шүлхий, боом, хөдөө орон нутагт шар өвчин дэгдээд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай олон асуудал байхад энэ бүхний хажуугаар Ерөнхий сайд маань цаг зав гаргаж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонссон юм.
Р.СОНДОР