ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж эрдэмтэн, багш оюутнуудад “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекц уншив. Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекцэндээ өөрийн орны түүх соёл, туулсан замнал өнөөгийн хөгжлийн байдал цаашдын төлөв, олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж буй үүрэг Монгол хүний хөгжил, Монгол төрийн гадаад бодлогын талаар мэдээллээ. Ерөнхий сайдын уншсан лекц танхимд цугларсан багш оюутнуудын сонирхлыг ихэд татаж ар араасаа цуварсан олон асуултыг дагуулж байлаа.
Энэ өдөр болсон нэгэн онцлох арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов “Хүндэт доктор” цол олгох ёслол байв. Энэ цолыг олон улсын харилцаа, гадаад бодлогын салбарт амжилт гарган ажиллаж буй гадаадын улс төрч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатуудад олгодог бөгөөд Израиль Улсын Ерөнхийлөгч Ш.Перес, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун, Эквадор Улсын Ерөнхийлөгч Р.Коррей, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Франц Улсын Ерөнхийлөгч асан Ж.Ширак зэрэг улс төрч хүртсэн юм байна. Монгол Улсаас энэ цолыг 1952 онд тус сургуулийг төгссөн Монгол Улсын ШУ-ны Академич Ш.Бира хүртэж байжээ.
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдтэйгээ уулзаж ярилцлаа. Ерөнхий сайд С.Батболд ярианыхаа эхэнд Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, мөн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа талаар товч мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд С.Батболд Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэхдээ Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-д энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд маань үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдлаа.
Мөн түүнчлэн Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар тодорхой асуудлууд тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа мөн сүүлийн үед Монголчууд хар тамхитай холбогдсон гэмт хэрэгт оролцолдож байгаа талаар мэдээлж энэ төрлийн гэмт хэргээс холуур анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Монгол иргэддээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВТОЙ УУЛЗАВ
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ.
Ноён С.В.Лавров эрхэм зочиндоо өөрийн төгссөн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэнд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү албан ёсны айлчлал Монгол Оросын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Талууд хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.
ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хоёр талаасаа идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөндлөө. ОХУ-ын Гадаад хэргийн сайд ч Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ өдөр мөн Ерөнхий сайд С.Батболд Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцож үг хэллээ. Уулзалтын үеэр Монгол Оросын худалдаа, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД, ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА И.Е.ЛЕВИТИНТЭЙ УУЛЗАВ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв