Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр ОХУ-ын Төрийн думын дарга Б.В.Грызловтой уулзсанаар эхэллээ. ОХУ-ын эрх баригч “Единая Россия” намтай МАН хамтарч ажиллах талаар төрийн Думын сүлдэт танхимд ярилцан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Манай хоёр орон байгалийн нөөц баялаг, эрчим хүчийг ашиглах, ураны орд газрыг хамтран эзэмших хөрөнгө оруулалтын томоохон төсөлд хамтран ажиллаж буй. Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх зорилгоор 2007, 2010 оны аравдугаар сард ОХУ-ын “РосАтом” корпорацийн захирал С.В.Кириенко манай улсад айлчилсан. Энэ салбарт хамтарсан компани байгуулах ажлыг эхлүүлэн, ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.
Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчлан уулзаж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Ерөнхий сайд ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновтой уулзаж, санал солилцлоо. Айлчлалын үеэр манай улсын томоохон компанийн нэг “Жаст” групп “Буриадмяспром” компанийн тал хувийг эзэмшин, хамтран ажиллах болсон юм.
Энэ талаар тус группийн захирал Ш.Батхүүгээс тодруулахад “ОХУ-ын зах зээлд монголчууд орж ирж буйд талархаж байна. Манайх махны чиглэлээр хамтарсан компани байгуулж 50 хувийг эзэмших боллоо. Гаднын оронд ийнхүү хөрөнгө оруулж, тал хувийг эзэмшиж байсан тохиолдол манай улсад байхгүй” гэв. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын МБЭС банктай хамтарч ажиллах ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.
Х.ОЮУНСҮРЭН