Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа 21 хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар болсныг бид мэдээлсэн.
Шадар сайд М.Энхболд эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийг Шадар сайд ахалж, 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийг хянаж, 101-ийг нь хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газар ч дэмжсэн.
Гэхдээ хүчингүй болгох зарим тусгай зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон салбарын бусад хуулиар зохицуулж буй.
Тиймээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Авто тээврийн, Аялал жуулчлалын, Ариун цэврийн, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай зэрэг 21 хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан юм байна.