Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Батлан хамгаалахын сайд Л.Болд тус улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргатай уулзаж зарим хэлэлцээр хийжээ. Энэ талаараа Батлан хамгаалахын сайд Л.Болд өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр “Айлчлалын үеэр ОХУ-аас манай улсын агаар, сансрын орон зайг хамгаалах чиглэлээр зэвсэг, техник нийлүүлэх талаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд зенит пуужингийн болон агаар, сансарт хяналт тавих цогцолборыг шинэчлэн байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон.
Заримыг нь энэ онд манай улсад нийлүүлсэн байгаа. Мөн тус улсын Кадетын болон Суворовын сургуульд оюутан сургах, Монгол-Оросын хамтарсан хээрийн сургуулийг олон шаттай болгох талаар тохиролцлоо. Ойрын хугацаанд ЗХЖШ-ын даргыг ОХУ-д айлчлуулж, бодлогын чанартай зарим асуудлаар яриа хэлэлцээр хийлгэнэ” гэлээ.
Г.ЦОЛМОН