Монголын Парламентын сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн бямба гаригт олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд уулзалт, арга хэмжээ зохион байгуулав. Тус холбоонд Парламентын 100 гаруй сэтгүүлч бүртгэлтэй байдаг. Тэргүүн, Удирдах зөвлөлөө шинэчилснээс хойших хэдэн сарын хугацаанд ямар ажил амжуулснаа холбооны удирдлага гишүүн сэтгүүлчдэдээ танилцуулсан юм.
Тэд байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан үе үеийн сэтгүүлчдийн дурсамж, нийтлэл, сурвалжлагаас бүтсэн “Төрийн түүхийг үл таслахуй” ном эмхтгэн гаргасан байна. Төрийн ажлыг олон нийтэд хүргэх нь нэр төртэй, хариуцлагатай ажил учир Парламентын сэтгүүлчид мэдлэгтэй, ур чадвартай байх ёстой. Тиймээс тус холбооныхон гишүүн сэтгүүлчдийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарч, Сангийн яам, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тухайлбал, Сангийн яамны зүгээс улсын төсөв, мөнгөний бодлого зэргээр сэтгүүлчдэд сургалт явуулж байхаар болсон байна. МПСХ-ны үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар байнга дэмжин ажилладаг. Тиймээс дээрх уулзалтын үеэр Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид холбооны тэргүүн Ж.Алтангэрэл дурсгалын цом гардуулсан юм.