Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 1939-1990 оны хооронд болсон улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой хохирлыг уг Комисс судалж, цагаатгах, нөхөх олговор өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй аж. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулснаа тус Комиссын дарга УИХ-ын дэд дарга Н.Энхболд мэдээлэв.
26000 гаруй иргэнийг цагаатгаж, 18 орчим тэрбум төгрөгийн нөхөх олговор иргэд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд олгожээ. 20 жил ажилласан учир цагаатгах ажил ерөнхийдөө шувтарч буй гэнэ. 1990-ээд оны үест нэг жилд хэлмэгдсэн тухай өргөдөл, гомдол мянга мянгаараа ирдэг байсан бол одоо 50- 60 өргөдөл л ирдэг болсон байна. Одоо ОХУ-д хэлмэгдсэн иргэдийн материалыг олох дутуу байгаа гэнэ. Комиссынхон ТЕГ-ынхантай хамтраад жил бүр ОХУ-д очиж архивуудыг нь шүүж, нягталдаг байна. Улмаар 400 гаруй материал авчирчээ.
Одоо 20 гаруй хүний материалыг шүүж олоод авчрах дутуу байгаа аж. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдсэн нь тогтоогдсон хүмүүст төрөөс нэг удаа сая төгрөг олгодог. Үүнд нь болдог уу “Би тэрний үр ач байна. Мөнгийг нь би авах ёстой” гэсэн хүмүүс их ирдэг. Гэтэл хамаатан, үр хүүхэд нь гэдгийг батлах баримт олддоггүй гэх мэтээр тэдэнд ажиллахад багаг үй бэрхшээл гардаг байна.
Ийм тохиолдолд тухайн хэлмэгдсэн хүнийг таньдаг 2-3 хүний үгээр баталгаажуулж, үр хүүхэд нь мөн гэдгийг тогтоож байж мөнгө олгодог. Эсвэл иргэд өргөдөл бариад ирдэг ч тухайн хүнийх нь талаар ямар ч баримт, хавтаст хэрэг архивт байхгүй тохиолдол ч гардаг юм байна. 2009 онд Цагаатгалын тухай хуулийн зарим заалтын хэрэгжих хугацааг УИХ сунгасан. Тэр үед нөхөх олговрын хэмжээг нэмэх тухай зарим гишүүн санал гаргасан аж. Үүнийг комиссынхон судлахад нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах тооцоо гарчээ.
Танилцуулгаа тэд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд илгээсэн, хариуг нь хүлээж буй юм билээ. Улс төрийн хэргээр ял эдэлсэн хүмүүсийн хэргийг шүүж, хэлмэгдсэн нь тогтоогдсон иргэдийг цагаатгах ажил үндсэндээ дуусаж буй. Тиймээс Комисс татан буугдах эсэхийг сэтг үүлч лавлав. Н.Энхболд “Энэ чиглэлийн ажил дууссан ч нэг хэсэгтээ ажиллах шаардлагатай байгаа” гэлээ.