Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар утаа бага гаргадаг түлш үйлдвэрлэх зорилгоор 2009, 2010 онд хуваарилсан төсвийн хэрэгжилтэд аудит хийсэн дүнг сонслоо. 2009 онд улсын төсөвт энэ зорилгоор 12 тэрбум төгрөг тавьсан ч тодотголоор хассан юм байна.

Харин нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөг зарцуулсны 1.7 тэрбумыг утаа бага гаргадаг түлш үйлдвэрлэхэд хуваарилжээ. Үүгээр Булган аймгийн Хялганат тосгонд үртсэн шахмал түлш боловсруулах үйлдвэр барьсан аж. Гэхдээ үйлдвэр төлөвлөсөн хүчин чадалдаа хүрч ажиллахг үй, ажлаа зураг төсөвгүй эхэлсэн, тооцоо муу гэх мэт зөрчил илэрчээ. Энэ онд улсын төсвөөс таван тэрбум төгрөг хуваарилж, II Дулааны цахилгаан станцыг түшиглээд жилд 210 мянган тонн хагас коксжсон нүүрс боловсруулах цогцолбор байгуулахаар төлөвлөсөн.
Гэвч он дуусаж байхад ажил нь эхлээгүй байгаа аж. Уг асуудлыг хэлэлцэх үеэр хотын Мээр байсан Ц.Батбаяр гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарын дунд маргаан гарав. Түлш боловсруулах үйлдвэр барих тендер зарлаад ганц барилга л барьсан “Amore international” компанийг шалгаруулсан нь “но”-той хэмээн экс Мээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг хардав. Тэд тэнэг мангартаа хүрэн маргасан. Сайдыг шалгуулахаа Ц.Батбаяр амлаж, өнөөх нь ч тэгэхийг зөвшөөрсөн юм.
Бухимдсан гишүүн “Чамайг заавал огцруулна даа” хэмээгээд гарч одсон. Тэдний маргаад буй шиг тендерийн зөрчил, будлиан гарсан эсэхийг Ерөнхий аудитороос лавлахад “Нэг тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй тендерийг шалгаруулахдаа олон улсын хэлээр гардаг хэвлэлээр зарлах хуультай.
Үүнийг зөрчиж дотоодын хэдхэн сонин, Сангийн яамны цахим хуудсанд тавьсан. Өөр ноцтой зөрчил байхгүй” гэлээ.