Ерөнхий сайд С.Батболд өчигдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх, үндсэн чиглэл төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өглөө.
Ерөнхий сайд энэ жил баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй суманд ажиллажээ. Орон нутагт ажиллахдаа ард иргэд, аймаг, сумын удирдлагын тавьсан санал хүсэлт, тулгамдсан хөрөнгө оруулалтын шинжтэй олон асуудлыг Засгийн газар хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцэж, хийх ажлын төлөвлөгөө батлан холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгсөн байна.
Засгийн газар орон нутагт тулгамдсан асуудлыг шийдээд байдаг. Гэтэл тэр нь хөдөө орон нутагт эзэндээ хүрэхгүй, хэрэгжилт удаан, бас төрийн мэдээлэл үнэн бодитой хүрэхгүй гуйвуулж няцаасан хандлага байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандав. УИХ-аар батлагдсан “Монгол мал” хөтөлб өрийг хэрэгжүүлэхэд Улсын төсвөөс 5.3 тэрбум төгрөг зарцууллаа. Засгийн газраас бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулахаар болж 329 суманд 658 мэргэжилтэн ажиллуулжээ.
Тэдний цалин, үйл ажиллагааны зардлыг мөн Засгийн газраас хариуцаж. Засгийн газраас баримталж байгаа мал, малчдыг дэмжих энэ бодлогыг та бүхэн орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байна. Малчдыг сургах ажлын явц ямар байна, малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж байна уу?
Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатандаа явна вэ? зэрэг олон асуултын хариуг Засгийн газарт, хөдөөгийн иргэд, малчдад өгөх цаг болсон гээд ажлаа хийхгүй байгаа дарга нартай хатуухан хариуцлага тооцохоо хурлын индрээс анхааруулав. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас анх удаа аймаг бүрт дунджаар 800 сая төгрөг, таван бүсийн хөгжилд дэмжлэг болгон дунджаар 24 сая төгрөгийг 2011 оны төсвийн тухай хуульд тусгаж, УИХ-аар батлуулжээ.
Бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилгыг Засгийн газар тавьжээ. Үүний хүрээнд орон нутагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх эрхийг хүлээх хариуцлагын хамт орон нутагт шилжүүлэхээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьснаа орон нутгийн удирдлагад дуулгав.
Уг хуулийн төсөвт тусгаснаар аймаг, нийслэлийнхэн худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулах эрхтэй болох юм. Бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэх ёстой.
Тиймээс 2011 онд ч гэсэн энэ талаар орон нутагтаа тодорхой ажил хийхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад дахин үүрэг болголоо. Мөн өвөлжилт хүндэрч байгаа энэ үед өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан анхааралтай ажиллахыг Засаг дарга нарт санууллаа.