“УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны арванхоёрдугаар сарын 21-ний хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, ХЗДХЯ-наас санаачлан боловсруулсан Цагдаагийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг уялдуулах хүсэлтийг Ерөнхийлөгч тавьсан хэмээн мэдээлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу “Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд явуулсан байна.
Цагдаагийн тухай болон Өмгөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоолгох тухай хүсэлт ирсэн гэх энэхүү мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж баталгаагүй мэдээлэлд үндэслэн Ерөнхийлөгчийг хууль хэлэлцэн батлах үйл явцад саад болж байгаа мэтээр ярьсанд харамсаж байна.
Цаашдаа хууль хэлэлцэн батлах үйл явцдаа хариуцлагатай хандаж, мэдээллийг нягталж, Төрийн тэргүүний нэр хүндэд халдахгүй байхыг хүсье” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн тайлбарт өгүүлжээ.