“МоАХ”, “МҮДН”, “Зүүн хойд Ази” фракцынхан “Эрдэнийн хувь” нэрийн дор зорилгоо нэгтгэдэг. АН доторх тохироогоор “Эрдэнийн хувь”- иас Х.Баттулга, С.Ламбаа, Л.Болд нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа бол Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог мөн эднийхэнд өгсөн анхны тохироо байдаг юм байна.
Тэргүүн шадар болон Сангийн, БОАЖ-ын сайд, УИХын дэд дарга, бүлгийн даргын суудал “Алтан гадас”-ынх аж. Харин даргын нь бүрэн эрх дуусгавар болж буй гурван Байнгын хорооны АБГББХ, БОХХААБХ-г “Алтан гадас”- ынхан авна гэснээс болж энэ томилгоо гацжээ. Нам доторх анхны тохироогоор “Эрдэнийн хувь”- ийнхан Байнгын хороодыг авах ёстой учраас Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Зоригт нарт БОХХААБХ, АБГББХ, ЭЗБХ-г өгөхөөр ярьж байжээ.
Гэтэл “Алтан гадас”-ынхан Байнгын хороодыг авна гэснээс болж АН-д “дайн” дэгдэж болзошгүйд хүрсэн гэнэ. Хэрвээ анхны тохироогоо биелүүлэхгүй бол хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах асуудлыг ч тавих болно, дарийн утаа үнэртээд эхэлсэн гэх яриаг “Эрдэнийн хувь”-д багтдаг гишүүд үгүйсгэхгүй байна.
“Алтан гадас”-ынхан АБГББХ-г Я.Батсуурьт, БОХХААБХ-г П.Алтангэрэлд өгөхөөр нэр дэвшүүлээд байгаа юм. “Эрдэнийн хувь”-ийнхан ч АН-д ногддог УИХ-ын дэд даргын суудлыг “бид авах цаг нь болсон” хэмээн үзэж буй аж.
Г.ЭНХ