Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өчигдөр 17.30 цагийн үед гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар өргөн барилаа. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хариуцлагагүй хандсан, УИХ-ын өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй зэрэг нь Д.Зоригтыг огцруулах хангалттай үндэслэл гэж тэд үзжээ.
Огцруулахыг хүссэн бичгээ эгүүлэн авахыг Ц.Батбаяраас УИХ, Засгийн газрын зарим гишүүн хүссэн ч тэрбээр хэлсэн амнаасаа буцсангүй. Танхимын гишүүн Д.Зоригт, С.Баярцогт нартай хариуцлага тооцохыг анхааруулсан албан бичгийг УИХ-ын дарга өмнө нь Ерөнхий сайдад илгээж байсан юм. Гурван гишүүний өргөн барьсан бичгээс гадна Д.Зоригттой холбоотой асуудлыг шүүхээр шалгуулахаар Ц.Батбаяр гишүүн бас Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан билээ. Бичиг өргөн барих болсон талаар нь Ц.Сэдванчигаас зарим зүйл тодруулав.
-Д.Зоригтыг огцруулах хэдэн үндэслэл гаргаж тавьсан бэ?
-Нийт долоон үндэслэл гаргаж тавьсан. УИХ-ын 2009 оны долдугаар сарын 57 дугаар тогтоолын биелэлтийг хангаагүй, мөн Төсвийн байнгын хорооноос “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын хүрээнд төсвийн орлого бүрдүүлэлтийн байдал, татвар төлөлтийн явцтай танилцах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн шаардсан зохих мэдээ, материалыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй.
Ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард байгуулагдсан. Гэтэл ЭБЭХ-ний сайд мэдээлэл ирүүлээгүйгээс ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан дулааны болон цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Нийслэлд барьж байгуулах талаар одоог хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Үүнээс болж Улаанбаатарын 10 мянга орчим өрх цахилгаанаар хангагдаж чадаагүй байна.
Шинээр V цахилгаан станц барих эсэх нь шийдэгдээгүйгээс болж Нийслэлийг барилгажуулах, иргэдийг орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажил хойшилж байна.
-Тендертэй холбоотой асуудлаар Ц.Батбаяр гишүүн Д,Зоригт сайдыг шалгуулахаар шүүхэд хандсан гэсэн. Энэ бас нэг үндэслэл болж байгаа юу?
-УИХ-ын 2007 оны 47 дугаар тогтоол, 2010 оны 36 дугаар тогтоолын дагуу Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах ёстой байсан. Гэтэл тендерийг зохих шалгаруулалтын дагуу явуулаагүй. Цаад компани нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад мөнгийг нь шилжүүлсэн байна.
-Налайхын уурхайд осол гарсан нь сайдыг огцруулах үндэслэлийн нэг болсон байх юм?
-Тус уурхайд хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийг бүртгэх ажлыг ЭБЭХЯ зохион байгуулах үүрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг гэрээгээр ажиллуулах, аюулгүй ажиллагааны дүрэм сахиулаагүйгээс 2008 оноос хойш нийт 43 уурхайчин амь насаа алдсан байна.
2009 оны долдугаар сард батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж 192 ширхэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг усны эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олгосон зэрэг нийт долоон үндэслэл гаргаж тавьсан.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Д.Зоригт сайдаас удаа дараа шаардлагатай мэдээлэл хүсэхэд гаргаж өгдөггүй нь төрийн эрх барих дээд байгууллагад хүндэтгэлтэй ханддаггүйнх нь илэрхийлэл гэж үзэж байна. Эдгээр байдал нь огцруулах хангалттай үндэслэл гэж үзсэн.
Г.ЭНХ