АН-д тогтсон эв найрамдал удаан үргэлжилсэнгүй. Тус намын фракцууд дахин хоорондоо талцаж эхэлжээ. ҮЗХны хурлынхаа өмнө АН-д хэд хэдэн хөдөлгөөн үүсэж, намын даргын төлөөх марафон өрнөсөн. Гол фракцынхан тохиролцоо хийж байдлыг намжаасан ч Байнгын хорооны дарга нарын сунгаа байдлыг дахин хурцатгажээ. Байнгын хорооны дарга тусдаа хангамжтай, багагүй эрхтэй учир амттайхан “бялуу” байх нь мэдээж.
МАН-ынхан хэл ам багатайхан шиг ярилцаад Ж.Сүхбаатарыг Төрийн байгуулалтын, Д.Одбаярыг Хууль зүйн, Д.Очирбатыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Д.Хаянхярвааг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдсэн юм. Харин АН-ынхан “Манай нэр дэвшигчид гадаадад байгаа учир асуудлыг түр хойшлуулъя” гэсэн ч үнэндээ “эзэмшлийн” гурван Байнгын хорооныхоо даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар АН-ынхан санал нэгдэж чадахгүй байгаа аж.
Хамтарсан Засгийн газар байгуулах үеэр тус намын “Алтангадас”, “Эрдэнийн хувь” гэсэн хоёр гол фракц улс төрийн тохиролцоо хийж, дарга, сайдын зөөлөн сэнтийг хуваарилж авсан юм. “Алтангадас”-т УИХын дэд дарга, Засгийн газрын гишүүд, дэд сайдын, “Эрдэнийн хувьд” гурван Байнгын, хоёр дэд хорооны даргын суудал ногдсон. Энэ тохиролцоо ёсоор “Эрдэнийн хувь”-ийнхан ярилцаад хүмүүсээ дэвшүүлжээ.

Тэд Г.Баярсайханыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Р.Амаржаргалыг Эдийн засгийн, Д.Одхүүг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад сойхоо мэдэгдсэн байна. Гэвч “Алтангадас”-ынхан хоёр жилийн өмнөх тохиролцоогоо “мартаад” П.Алтангэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Я.Батсуурийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад өрсөлд үүлэхээр зүтгүүлжээ.
Тэд чих зөөлөн гэсэн хоёр эрхмийг сонгосон нь энэ гэнэ. Энэ алхам нь нам дотроо багагүй нөлөөтэй болсон “Эрдэнийн хувь”-ийнхны дургүйг хүргэчихжээ. Улс төрийн тохиролцоондоо үнэнч байхыг тэд нөгөө фракцдаа сануулсан байна. Хэрэв “Алтангадас”- ынхан сануулгыг нь үл тоон зөрүүдэлж, дээрх хоёр хүнээ зүтгүүлбэл УИХ-ын дэд болон Бүлгийн даргын албан тушаалыг “булаацалдаж” хариу барих гэнэ.
Улмаар нэг хэсэгтээ мартсан намын дарга Н.Алтанхуягийн сэнтийг ганхуулах ажиллагаагаа ч идэвхжүүлэхээр төлөвлөжээ. Тохиролцооноосоо буцсаныхаа төлөө “Алтангадас”-ынхан намын даргын суудлаар дэнчин тавьчихсан аж. Д.Одхүү, Р.Амаржаргал болон Эдийн засгийн байнгын хорооны одоогийн дарга Ц.Баярсайхан нар гадаадад томилолттой яваа юм байна. Тэд он гаргаад ирнэ. Тэгэхээр нэгдүгээр сард халуухан тулаан өрнөх нь.
С.ТУУЛ