Үндсэн хуулийн цэцийн 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд болсон дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ.
Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар маргаан гарсан тохиолдолд Сонгуулийн тойргийн хороо нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь сонгогч, сонгогдогчийн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндөж байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг дээрх хуралдаанаас гаргасан юм.
Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ 2010 оны арванхёордугаар сарын 02-ны хуралдаанаар хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан юм.
Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2011 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.