Төрийн ордны сүлд модны наадмын гол дүрүүд тодорлоо. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар манжингийн үлгэрт гардаг шиг хүчээ нийлүүлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг суга татан хаях учиртай. Амидаа олон парламентчдынхаа дундаас “алим” хочоороо ялгардаг Улаанбаатарын экс Мээр Ц.Батбаярын алхам энэ удаа улаахан жимс шиг чихэрлэг байсангүй. “Би чамайг… би чамайг заавал, хараарай заавал огцруулна даа!” гэж уурсан огло харайсан чигтээ мэнчийн зүтгэв. “Эрдэнэ ээ, Сэдванчиг аа, Зоригоог огцруулъя, яасан том сайд вэ?”
Эрхэм гурван гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах долоон шалтгаан эгнүүлсэн бичиг үйлдэж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан нь Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй хамтарсан Засгийн газраас сайд сугалах албан ёсны оролдлогын анхны томоохон жишээ болж байна. Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэлд өгүүлсэн баримт УИХ-ын хувьд цоо шинэ мэдээллүүд биш.
УИХ-ын болон Засгийн газрын хуралдаануудын үеэр нэг бус хэлэлцэгдсэн, тухай бүрт ажил хэрэг нь хэрхэн үргэлжилж буй талаар гишүүдийн ширээн дээр хүргэгдэж байсан тайлбартай юм байна. Харин Засгийн газрын хийсэн болон хийх ажил, түүнд зарцуулсан хийгээд төсөвлөсөн хөрөнгө мөнгө зэрэг нь УИХ-ын гишүүдийн сэтгэлд нийцэж байгаа эсэх нүүр тулсан халуун яриа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад ногдлоо.
“ХАМРАА СӨХВӨЛ” ХАРИУЦЛАГА ТООЦНО
Үүний өмнө УИХ-ын зарим гишүүн Сангийн сайд С.Баярцогт болон ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нартай холбоотой бичиг дээш өргөсөн нь тэдэнд хариуцлага тооцуулахыг хүссэн утгатай байв. Эхний бичигт С.Баярцогт, Д.Зоригт нарын харилцааны соёлын “согогыг” илчилж, ааль аашийг нь баалсан байв. “Биднийг тоодоггүй”, “хамраа сөхсөн” хэмээх тунирхал нь зарим гишүүний төвөнхөн дээр торчихоод залгигдаж өгөхгүй “зовоосоор” байна. Ингэхэд Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний хооронд өрнөх ярианы хэмнэл ямар өнгөтэй байх ёстой вэ?
Тухайлбал, дээд зэрэглэлийн рестораны зөөгч үйлчлүүлэгчтэйгээ ноотоор бол фа эгшгээс дээгүүр өнгөөр харилцах хориотой байдаг гэнэ. Энэчлэн УИХ-ын гишүүний асуултад Засгийн газрын гишүүн хариулах хоолойн өнгө, хэмнэлийг хуульчлахгүй бол “зан суртахууны гажигтай” гэсэн шалтгаанаар огцрох сайд мундахгүй болж мэдэх юм.
Түүнчлэн эрхэм гишүүдтэй харилцахдаа харцаа ямархуу төвшинд буулгах, хамраа хааш нь чиглүүлэх, гараа өвдгөн дээрээ зэрэгцүүлэх энэ тэрийг нь сайд нарт сайтар зааварлахгүй бол Засгийн газрын гишүүд баримжаагүй, барьцгүй шүүмжлэлээс болж танхимаараа унах боломжтой аж. “Хамраа сөхөх” гэдэгт яг ямар үйлдлийг ойлгох тухай нарийн зааж өгөх хэрэгтэй. С.Баярцогт, Д.Зоригт нарын хамрыг л нэг сайн ажъя байз.
Н.ЭНХБАЯРЫН ЧУЛУУ ЗАСГИЙН ГАЗРЫГ ЧИГЛЭВ
Удаах бичиг ч эхнийх лүгээ тунирхал, гомдлын үргэлжлэл боловч огцруулах санал болж томорсон нь улс төрийн учир шалтгаантай хэмээн үзэгсэд байгаа юм. УИХ-ын Байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр Ц.Батбаяр, Д.Зоригт хоёр ажил хэргээс болж маргалдсан.
Гишүүн загнаж, хариуд нь сайд хэгжүүрхсэн. Хэвийн үзэгдэл. Харин УИХ-ын танхимд гарсан иймэрхүү хэрүүлийг шүүхээр таслуулж, албан тушаалаас нь огцруулж шийдвэл эхний тохиолдол болох юм. Д.Зоригт, Ц.Батбаяр нарын маргаанаар дамжуулан хамтарсан Засгийн газар руу чулуу нүүлгэх улс төрийн тоглоом эхлэв бололтой. Энэ засгийн ачааны дийлэнхийг үүрч яваа залуу сайдыг өөлж гоочлох хамгийн хялбар. Манайхан ярьдаг шүү дээ, “Ажил хийсэн хүнд алдаа, оноо заавал байдаг” гэж.
Уул уурхайн томоохон төслүүд олны анхаарлын төвд үргэлж байдаг, үүнтэй зэрэгцэн сайдын нэр мандахдаа мандаж, бас шавар шавхайтай хутгалдаж яваа. Д.Зоригт сайн мэргэжилтэн гэдэгтэй маргахгүй, гэхдээ улстөрчийн хувьд хүмүүст таалагдах гэж уран донгодох эв дүйгээр тун маруухан гэдгийг олон нийт олзолж амжаа биз ээ.
Д.Зоригтоор “туг тахих” нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаархал гэсэн таамгийг улс төр сонирхогчид түвэггүй хэлэх аж. Үнэхээр тийм бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хонзонгоо МАХН-аас авах гээд чадаагүй “гурав дахь” маань өөрийнх нь өмнүүр дайрч, УИХ-ын нөхөн сонгуулиар Парламентад суудал нэмсэн Д.Зоригтыг онилжээ. ЭБЭХ-ний сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан С.Эрдэнэ АН дахь хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурийг баримтлагчдын үзэл санааны “эцэг” гэдгээрээ Ардчилсан хүчний холбоо хэмээх фэнтэй. Тэгэхээр С.Эрдэнийн хувьд хамтарсан Засгийн газар унаж л байвал Д.Зоригтыг ч, нам нэгт С.Баярцогтоо ч огцруулах үйлсэд дуртайяа оролцох нь мэдээж.
С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын нууцгай уулзалтын тухай АН-ын дарга нь Монгол даяар зарласан удаатай. Үүнээс үзсэн ч Д.Зоригтыг огцруулах бичгийг Н.Энхбаяр тэрлэлцсэн хэмээх таамаглалын магадлал өндөр байгаа юм. УИХ-д Д.Зоригттой нэг намын бүлэгт харьяалагддаг Ц.Батбаяр экс Ерөнхийлөгчийн гэхээсээ хотын фракцын төлөөлөл байлаа.
Гэхдээ тэрбээр Мээрийн суудлаа фракцын нөхөр Г.Мөнхбаярт алдсан 2008 оны эхэн үеэс тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай дотноссон гэлцдэг. Тэдний үерхлийг МАХН-ын Түр штаб нотлоогүй ч, ТЭЦ-2-ийг түшиглэх хагас коксжсон түлшний үйлдвэрийн тендерийн хэрүүл сэдрээв бололтой.