МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн оны сүүлийн өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нараас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар өргөн барьсан бичгийн талаар хэлэлцжээ. Өмнө нь энэ асуудлаар МАН-ын дарга С.Батболд Ц.Батбаяртай ярилцахыг хүссэн ч гишүүн “олдоогүй” юм байх.
Удирдах зөвлөлийн хуралд ч Ц.Батбаяр хүрэлцэн очиж амжаагүй бололтой. Зөвл өлийн хуралд дуудагдсан сайд, гишүүн хоёроос Ц.Батбаяр нь ирээгүй учраас ямар нэгэн зөвшилцөл, тохиролцоо тэнд хийгдээгүй гэнэ.
Харин ЭБЭХний сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүйгээр нам дотроо хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ.
Энэ нь огцруулах бичгийг эгүүлэн татуулахаар ажиллана гэсэн үг юм. Зарим хэвлэлд Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр нарыг намын удирдлага шахаанд оруулсан. Харин С.Эрдэнэ буцах бодолгүй байгаа тухай бичжээ. Энэ тухай Ц.Батбаяр хэлэхдээ, Намын дарга дуудсан. Надад энэ асуудлаар уулзах шаардлагагүй. Шахаж дарамталсан зүйл ч байхгүй гэж байв.
Энэ талаар Ц.Сэдванчиг ямар бодолтой байгааг нь сонирхоход, -Төрийн ажилд МАН-ын Удирдах зөвлөл оролцох эрхгүй.
Нэгэнт л өргөн барьсан бол буцах арга ч байхгүй, хуулийн дагуу асуудлаа хэлэлцээд явна. УИХ-ын дарга тэр бичигтэй танилцаад цохолт хийгээд Байнгын хороонд явуулсан сурагтай байна билээ. Тийм учраас ирэх долоо хоногоос Байнгын хороогоор хэлэлцэх байх.
Түүнээс бус нэг нам төрөөр ингэж тоглож таарахгүй. С.Эрдэнэ бид хоёрт ирж байгаа дарамт шахалт гэхээр зүйл алга. Та хоёр сайн бодож үзсэн үү гэсэн хүмүүс бий. Харин мань нөхөрт (Ц.Батбаярыг хэлэв) янз бүрийн байдлаар нэлээд дарамт шахалт ирж байгаа бололтой юм билээ гэв.
Э.Төр