
Халдвартай нь батлагдсан нэг иргэнийг тусгаарлаагүй найм хоносон гэх мэдээллийг тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдол тусгаарлагдаагүй тохиолдол гарсан. Тухайн гэр бүл 11 сартай, 4 настай хоёр жаахан хүүхэдтэй. Эцэг эх нь хоёр хүүхдээ халдварт өртөхөөс сэргийлж тусгаарлалтын байр руу явуулахгүй байхыг хүссэн. Тэр хүнээс дахиад шинжилгээ авахад эерэг гарсан. Дахин шинжилгээ авахад хоёр хүүхдээс нь халдвар илрээгүй. Хүүхдүүдээ хадам ээждээ харуулаад хэвтсэн. Энэ гэр бүлийн хүний өргөдөл бий. Иргэд жаахан хүүхэдтэй, гэртээ эмчлүүлмээр байна гэдэг. Зарим нь хүнд өвчтэй хүн асардаг гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс байдаг. Тал талдаа хүний амьдралын асуудал хөндөгдөж байна. Тиймээс цаашдаа хүндэтгэх шалтгаантай, биеийн байдал хөнгөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна" гэлээ.
Шадар сайдын зүгээс коронавирусийн нөхцөл байдал хүндэрвэл хариу арга хэмжээ авах, халдварт өртсөн, хүндэтгэх шалтгаантай өвчтөнүүдийг гэрээр эмчлэх журмыг боловсруулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг чиглэл өгч, түр журмыг боловсруулж байгаа талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.