Орлогчтойгоо нийлээд байсгээд л хүн зодчихдог гэх хэл амнаас салдаггүй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд болсон ИТХын чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулжээ.
Дүүргийнхээ зарим албан хаагчийг болон Тохижилт үйлчилгээний компанийн захирал гээд нэлээд хэдэн хүн зодсон хэрэгт нэр холбогдсон түүнийг огцруулах бас нэг шалтгаан нь 600-гаад сая төгрөгийн татварын өрийн асуудал гэнэ. Г.Төмөрбаатар “Ширэвгэр” гэх хувийн компанитай юм байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон ИТХ-ын чуулганд зарим төлөөлөгч Засаг даргыг огцруулах бичиг өргөн барьжээ. Байдал бишидсэнийг гадарласан Г.Төмөрбаатар тэр даруй чуулганаасаа чөлөө авч МАНын удирдлага дээр давхин очжээ.
Тэгээд нөхцөл байдал буруугаар эргэснийг хэлж, сайн дураараа огцрох бодолтойгоо Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд хэлсэн гэнэ. Харин генсек, тэгвэл ИТХ-ын даргад ч бас хариуцлага тооцох ёстой гэсэн байна. Гэхдээ Засаг даргыг шинээр томилсоны дараа ИТХ-ын дарга Г.Өлзийбүрэнгийн асуудлыг хэлэлцэхийг үүрэг болгожээ. Г.Төмөрбаатарыг огцруулах асуудлыг тэр өдөр нь Нийслэлийн Засаг Г.Мөнхбаяр хүлээн авч, ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргыг шинээр томилогдох хүртэл орлогч Даваасүрэнг үүрэг гүйцэтгэхийг ИТХ-аас даалгасан ч тэрбээр ажилдаа ирэхгүй байгаа гэнэ. Тийм учраас Тамгын газрын дарга нь Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа аж. Дүүргийн ИТХ энэ сарын 7-нд хуралдаж нэр дэвшигчийг тодруулах бөгөөд 2011 оныхоо төсвийг батлах юм байна. Засаг даргад дэвшигчдийн сураг ч дуулдаж эхлэв.
Өмнө нь тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан А.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Филипс” компанийн захирал Ганхуяг нарын талаар ярьж байгаа аж. Тэднээс А.Амарсайханыг дүүргийнхээ байдлыг сайн мэддэг, нэр цэвэр хэмээн МАН-ын удирдлага үзэж, дэмжих магадлалтай гэнэ.