Өнгөрсөн оны онцлох үйл явдлын нэг бол МАХН XXVI их хурлаараа түүхэн шийдвэр гаргаж, уугуул нэрээ сэргээн МАН болсон явдал. Шинэ он гармагц тус нам 1626 анхан шатны байгууллагаараа дамжуулан 150 мянга гаруй гишүүндээ шинэ батлахыг нь гардуулж өглөө. МАН-ын ахмад, дунд, залуу үеийн шилдэг 1000 гишүүний батлахыг гардуулах ёслол өчигдөр СТӨ- нөө болж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар анхны батлахын эзэд болов.
Ерөнхий сайд С.Батболд “Манай нам түүхэнд Монгол Улсын хөгжлийн үе шат бүхэнд тухайн цаг үеийн нөхцөлд тохируулан 11 удаа бат илэрхийлэхээ шинэчилж байсан. Бат илэрхийлэх нь намын уламжлал, шинэчлэл, эх орны хөгжлийн өмнө тавигдаж байгаа зорилтуудыг бүрэн дүүрэн тусган шингээсэн, намын уугуул үзэл санааг агуулсан байдаг” гэв.
Энэ өдөр шинэ батлахаа гардан авсан төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров “Гишүүд намынхаа үзэл бодлыг тээгч байх ёстой. Миний бодоход хүн бүр намын гишүүн болох албагүй. Үнэхээр ухамсарт амьдралаа зөвхөн өөрийнхөө төлөө бус, өрөөлийн төлөө ямар нэг хэмжээгээр зориулах гэж байгаа бол улс төрийн аль нэг намд элсэж, хүчээ сорих хэрэгтэй байж болох юм. Намд элсэж байсан миний үе бол өөр. Тэр үед МАХН л байсан.
Тэр намд эх орныхоо төлөө үнэнч шударгаар зүтгэх эрмэлзэлтэй хүмүүс л элсдэг гэсэн ойлголтыг өгсөн. Намын батлах бол хүмүүсийг нэгтгэж, хариуцлагыг нь ухамсарлуулах бичиг. Намын гишүүн байхдаа гол бус, эх орон, иргэдийнхээ төлөө чадах бүхнээ зориулах чин эрмэлзэлтэй байх ёстой” гэв. Шинэ батлах тараах ажил хоёр долоо хоног үргэлжлэх юм байна.
Энэ удаагийн шинэ батламжид тухайн гишүүний сонгуульт ажил, гавьяа шагнал, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг оруулсан бөгөөд эхний хуудсанд намын үзэл баримтлал, эрмэлзлийг бичжээ.
Р.ОЮУН