Оны төгсгөл бүрээр УИХ эрх ашгаа хамгаалсан ямар нэг хуулийг сэм баталдаг уламжлалтай. Өмнө нь Сонгуулийн, Татварын өршөөлийн гэх мэт хуулийг ийм замаар “чоно борооноор” гэгчээр баталж байлаа. Энэ удаа тэд Дэгийн тухай хуульдаа хэвлэл, мэдээллийнхний, улмаар олон нийтийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг боогдуулсан хэд хэдэн заалт тусгаж сэм баталсан.
“Хуулийн чанарыг сайжруулж, хэлэлцүүлгийг үр өгөөжтэй болгох” гэсэн тайлбар тэр зүгээс гарч байгаа юм. Юутай ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тэргүүтэй хэсэг гишүүн Дэгийн тухай хуулийн талаар мэдээлэл хийхээр өчигдөр цуглав. Харин мэдээлэл олж авах эрхийг нь боогдуулснаа зөвтгөх гэсэн тэдний хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид суусангүй.
Гишүүдийг мэдээллээ эхэлмэгц нь хурал хаясан юм. Төрөөс санхүүждэг учраас МҮОНТ л уг хурлыг сурвалжилсан. Байнгын хороод хаалттай хуралдаж, дарга нь юу ярьснаа сэтгүүлчдэд мэдээлж болно, үгүй ч байж болно гэсэн бөөрөнхий заалт уг хуулийн 53.4-т бий. Мөн Парламентын сэтгүүлчид тусгай өрөөнд сууж, ажиллана. Цаашдаа нээлттэй үлдсэн цорын ганц хуралдаан болох чуулганаа ч хаах зорилготой гэсэн үг. Тамгын газрын “зохион байгуулснаар” тусгай телесувгаар чуулганы хуралдааныг дамжуулж, телевизийнхэн тэндээс дүрс хуулж авах аж.
Сонины сэтгүүлчид бол өнөөх өрөөндөө сууж дэлгэц ширтэнэ. Чуулганы танхимын амьд уур амьсгал байхгүй болно. Байнгын хорооны хурлаас хэрэгтэй мэдээллээ, өнцгөө харж сурвалжлах сэтгүүлчийн эрх хаагдаж байгаа юм. Үүний оронд УИХ-ын ажилтны бэлтгэсэн “хөлдүү” албан мэдээгээр “амьдрах” юм гэнэ. Өөр өөрийн өнцөг гаргаж бичдэг ялгаа үгүй болж, нэг хэвийн, албаны мэдээлэл тараах нь. Шинэ хуулийн хэрэгжилтийн салхийг Эдийн засгийн байнгын хороо хагалсан. Гэхдээ “мэдээлэл хийхгүй ч байж болно” гэсэн нөгөө утгаа хэрэгжүүлэв.
С.УУЛ