УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-аа аврах хөдөлгөөн өрнүүлж, олны анхаарлын төвд байх болсон. МАН-ын хувьд “эсэргүү” болсон түүнийг гадуур явахад нь байнга ямар нэгэн машин дагаж, утсыг нь чагнах болсон гэнэ. Энэ талаар тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Утсаар ярихад 3-5 минут болоод тасардаг, одоо эрхэм гишүүнтэй ийнхүү ярих хүн ховордоод байгаа аж.
Мөн 10 гаруй хоногийн өмнө машиныг нь мөргөсөн гэнэ. Азаар тэрбээр бэртээгүй юм байна. Үүнийг санаатай үйлдэл байсан эсэхийг шалгуулахаар тэрбээр цагдаагийн байгууллагад ханджээ. Мөн “Бид төрийн эсрэг тэмцээгүй. Болохгүй бүхнийг нь л шүүмжилсэн. Хариуд нь ийм дарамт ирж байна. Үндсэн хуульд зааснаар үгээ хэлж, хэвлэн нийтэлж, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх аргагүй болов.
МАХН нэрийг сэргээх хуулийн боломж 100 хувь бий. Гэвч Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын бүртгэлийн ерөнхий газар бүгд улс төрийн хараат ажиллаж, шийдвэрээ урьдчилан гаргадаг юм байна. Тиймээс хуулийн тэр боломжийг хэрэгжүүлэхгүй нь. Энэ байдлаа зогсоохгүй бол цаашдаа иргэний хөдөлгөөн, эвслүүдтэй хамтарч тэмцэнэ” гэлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах бичиг өргөн барьсан гурван гишүүний нэг нь тэр.
Энэ талаар нь асуухад “Шинэ жилийн өдөр салют буудуулах гэж байгаад 29 хүн гаргүй болж, гэмтсэн байна. Нэг өдөр иргэд нь ийм олноороо гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч байхад УМХЕГ, ТЕГ юу хийж байсан юм бэ. Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна. Тиймээс ганц Д.Зоригт сайд ч биш Засгийн газар огцрох ёстой” гэлээ.
С.ТУУЛ