Намаа сэрээж, шинэчлэх зорилготой Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуягт таван ширхэг улаан сарнай бэлэглэв. Хонь, чоно болон хэсэг маргалдсан тэд ҮЗХ-ны хурлын өмнө тохироонд хүрсэн билээ. Улмаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга дээрх хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан.
Гэвч намын дарга нь тэдний энэ зөвшилцлийг хүлээн зөвшөөрөхгүй, тийм юм хийгээгүй гэсэн утгатай ярилцлага сонинд өгснөөр буцаад л маргаан өрнөсөн. Тэгвэл өчигдөр талууд ойлголцолд хүрснээ баталгаажуулав.
Н.Алтанхуяг “Генсек болоод Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн санамж бичиг байгуулсан. Монгол хүн-2020 хөтөлбөрийг цагаан сарын өмнө болох ҮЗХ-ны хурлаар ярьж, энэ оны турш олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нээлтийг хийнэ. Мөн 2012 оны сонгуулиас өмнө намын ээлжит бус онц их хурал зарлана гэсэн хоёр заалт уг Санамж бичигт бий.
Ингэж ойлголцож, баталгаажууллаа. Өөр зөрчил байхгүй гэдгийг нотлов” гэлээ. 1990 оноос хойш АН оюун санааны хувьд манлайлж ирсэн аж. Гэтэл 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш байдал бишиджээ.
АН л үүнийг засах, залруулах ёстой атал унтаа байна гэж уг хөдөлгөөнийхөн шүүмжилж байв. Т.Хасбаатар энэ мэт ойлголцлын зөрүүгээ арилгаснаа мэдэгдээд “Н.Алтанхуяг дарга олон байгууллагын шалгаруулалтаар шилдэг улстөрч болсонд баяр хүргэе” гээд таван ширхэг улаан сарнай бэлэглэсэн юм.
Талцал нь бэлэг сэлтээр дуусаж буй нь энэ бололтой. Гэхдээ тэрбээр “Энэ таван сарнайн ард АН-ын хариуцлага бий” гэлээ.