Г.Уянга, Б.Лхагважав, Ардчиллыг бэхжүүлэх Олон Улсын Сангийн Монгол дахь захирал О.Магнай нарын хүмүүс өнөөдөр MN мэдээллийн төвд сар бүрийн 16-ны өдөр эсэргүүцлийн жагсаал хийж байхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэд хэлэхдээ: “Олигархуудыг Монголын төрөөс зайлуулах цаг болсон учир сар бүрийн энэ өдөр эсэргүүцлийн жагсаал хийж байхаар боллоо. Мөн энэ өдөр монгол хүн бүрт үндсэн хуулинд байдаг 18 эрхийг нь мэдүүлэх болно. Монголын ард түмэн ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй. Учир нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг олон эрхүүд маань ноцтой зөрчигдсөөр байна.
Саяхан Монгол Улс дэлхийн номер нэг агаарын бохирдолтой газар боллоо. Гэтэл олигархууд шал дэмий хичнээн тэрбум төгрөг зүгээр тараахын оронд тэр мөнгөөр дөч, тавин мянган айлын орон сууц барьж Улаанбаатарын утааг хоёр дахин багасгах боломжтой байлаа.
Сангийн сайд нь шилдэг эдийн засагч боллоо. Ерөнхий сайд нь шилдэг улс төрч боллоо. Энэ мэтчилэн олон дарга нар өөрсдийгөө шагнах боллоо.
Удахгүй одоогийн 76 гишүүн дахин сонгогдохын тулд гишүүдийн тоогоо 108 болгож, 4 жилээ 6 жил болгоно.
Ийм шударга бус зүйл байж болох уу. Монголд ганц хүний биш хэсэг бүлэг хүмүүсийн дарангуйлал тогтлоо.
Үүнийг зогсоохын тулд ард түмэн бүх нийтээрээ нэгдэж тэмцэцгээе” хэмээн уриаллаа.
Мөн Ж.Батзандан яагаад албан тушаалын араас явж та бүхнийг орхих болсон талаар О.Магнайгаас тодруулахад: Энэ бол олигархуудын л хийж байгаа ажил. Хаана хэн олигтой юм дуугарч байна түүнийг мөнгөөр худалдаж авдаг гэлээ.
Б.Энх-Уянга