УИХ-ын дэгийн тухай хуульд Байнгын хорооны хуралдаанд сэтгүүлчдийг оруулахгүй байх заалт оруулсан. Энэ талаар ямар бодолтой байгаа талаар нэгэн сэтгүүлч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс тодруулахад:
“ Яг үнэндээ бол гишүүд телевизийн дуран, сэтгүүлчдийг харахаараа хөөрөөд л, хэлэлцэж байгаа асуудлаасаа хадуураад л явчихдаг. Энэ нь парламентад саад учруулж байна. УИХ нийт ард түмний дагаж мөрдөх хууль баталдаг.
Гэтэл хуулиуд ажил хэргийн шатанд биш улс төрийн шоу маягаар шийдэгдсэнээс болоод муу хууль гарах болсон. УИХ-ын дэгийн тухай хуулиар энэ бүхнийг л зохицуулах гэсэн юм. Түүнээс сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхэнд халдаагүй.
Өчигдөр төсвийн байнгын хорооны хурал дээр гишүүд гайхалтай ажил хэрэгч байлаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийснийг ч анзаараагүй байлаа. Харин гишүүд яагаад ийм ажил хэрэгч байсныг сая л мэдлээ.
Сэтгүүлчид байхгүй болохоор асуудалд ажил хэрэгч ханддаг юм байна. Үнэнийг хэлэхэд телевизийн дуран харахаараа өөрийн эрхгүй тодроод ирдэг нөхөд олон бий шүү. Би ч тэгдэг.
Телевизийн дуран харахаараа миний үг яриа ч гэсэн тодрох тийшээгээ л явна шүү дээ. Ажил хэргээсээ хазайгаад л явна. Энэ бол хүний төрөлхийн араншин гэх үү дээ” хэмээн хариулжээ.