Төрийн ордонд болж буй УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой явдлыг хэвлэлийнхэн сурвалжлахгүй байгаа. Шинэ жилээр сэм баталж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийг боомилсон Дэгийн тухай хуулийг ийнхүү бид эсэргүүцэж буй юм. Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлөөс энэ сарын 3-нд Ерөнхийлөгчид хандан ардчиллын гол зарчмаас ухарсан хуулийн дээрх заалтуудад хориг тавьж өгөхийг хүссэн билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар өчигдөр УИХын дарга Д.Дэмбэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ УИХ өөрөө алдаагаа засаг хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулсан байна. Төрийн тэргүүн хуулийн холбогдох заалт буруу, иргэдийн мэдээлэл олж авах үндсэн эрхийг зөрчсөн гэх мэтээр баахан ярьсан ч өөрөө хориг тавихгүй гэсэн байх юм.
Тэрбээр “Дэгийн тухай хуулийн холбогдох заалтад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарласнаар иргэний үндсэн эрхийг зөрчсөн. Төрийн үйл ажиллагаа ил тод байх ёстой гэсэн нийтлэг ололтоосоо ухарч байгаа хэрэг.
Сэтгүүлчдэд туршлага, мэргэжил боловсролыг нь харгалзан нэр зааж, УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгоно гэдэг нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна.
Нээлттэй нийгэмд хааж хориглох ёстойгоо л хуульчилдаг, бусад нь нээлттэй гэсэн ерөнхий зарчим бий. Гэтэл үүнийг дээрх хуулийн зохицуулалт зөрчсөн болж харагдаж байна” гэжээ. Мөн асуудлын гол нь хэвлэлийнхэнтэй биш улстөрчидтэй холбоотойг ч сануулсан байна.
Ардчилсан Ерөнхийлөгч иймэрхүү агуулгатай үг хэлсэн ч “Асуудлыг шийдэх өөр олон боломжийг” эхлээд ашиглах хэрэгтэй гэж үзжээ. Аливаа хуулийг УИХ баталснаас хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байдаг.
Энэ хугацаа өнөөдөр дуусах юм. Хэвлэл, мэдээллийнхэн ардчилсан Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэж итгэсэн ч ийм хариу сонсов.
С.Уул