Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Их Британийн “Court of Magistrate of Westminster”-д өнгөрөгч лхагва гаригт болсон. Шүүх хуралд оролцсон ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Манай улсын дипломат ажилтан Лондонд саатуулагдаад дөрвөн сар болох гэж байна. Б.Хурцын биеийн байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө гайгүй байна билээ. Гэхдээ шоронд байгаа хүн ямар сайн байх вэ дээ.
-Лондоны шорон дипломат ажилтан гэдгээр нь арай өөр нөхцөлд байлгадаг гэж дуулсан. Б.Хурц ямар нөхцөлд байгаа бол?
-Шорон л бол шорон шүү дээ. Гэхдээ Хурц тусгай өрөөнд байгаа.
-Та түүнтэй уулзсан уу. Шүүх хурлын явц, асуудлыг хэрхэн шийдэх талаар өөрөө юу гэж байх юм бэ?
-Уулзалгүй яах вэ. Шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Ажиллагааны дагуу явж байгаа учир одоо ямар нэгэн зүйл ярих нь эрт байна. Бид өөрсдийн байр суурь, санал бодлоо хуваалцсан.
-Энэ шүүх хуралд Б.Хурцын болоод талийгаач Д.Энхбатын эхнэр оролцсон гэсэн мэдээлэл байна. Үүнээс гадна Б.Хурцын эхнэр шүүгч нараас уучлал хүссэн гэх юм. Энэ үнэн үү?
-Шүүх хуралд надаас гадна тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр оролцсон. Эхнэр нь шүүх хуралд ажиглагчаар оролцсон тул үг хэлэх эрхгүй. Харин Д.Энхбатын эхнэр оролцоогүй.
-Монгол Улсыг төлөөлж байгаа хүний хувьд иргэнээ, дипломат ажилтнаа хамгаалж үг хэлэх эрх Танд байх уу. Та шүүх хуралд биечлэн хэд хэдэн удаа оролцлоо. Шүүх хурлын уур амьсгал ер нь ямар байна вэ?
-Шүүх хурлын өмнө хойно бид өмгөөлөгч Алан Жонстой уулзаж, хэлэх үг, баримтлах зарчим гээд бүх зүйлээ ярьж, санал бодлоо солилцдог. Шүүх хурлын явц байдал, бусад зүйлийн талаар ярих нь эрт байна. Хуулийнхаа дагуу яваад дууссан. -
Ирэх сарын 3-нд дахин шүүх хурал болно. Та оролцох уу. Б.Хурцын эхнэр буцаж ирсэн үү?
-Ажлын хэсгийнхэн ярьж байгаад ирэх сард болох шүүх хуралд хэнийг оролцуулахаа шийдэх байх. Монголын талаас төлөөлж хүн оролцоно. Б.Хурцын эхнэр ирсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ирэх ирэхгүй нь тухайн хүний хувийн асуудал. -
Та Лондон явахдаа онгоцноосоо хоцорсон гэсэн. Яагаад хоцорсон юм бэ?
-Энэ сарын 3-нд Москвагийн онгоцоор явах байсан юм. Онгоц хоцроод, хэзээ нисэх нь тодорхойг үй байсаар эргээд очтол хөөрчихсөн байсан. Гэхдээ би тэр өдрөө нисэж, шүүх хуралд оролцсон.