Санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага дэлхийд ердөө 100 гаруй оронд байдаг аж. Энэ байгууллага санхүүгийн зах зээлийг жам ёсоор нь хөгжихөд анхаарлаа хандуулж ажилладаг гэдгийг эдийн засаг, банк санхүү гадарладаг хэн ч мэднэ. Тус байгууллагынхны үйл ажиллагаа нь санхүгийн булхай, луйвар хийсэн, хийх гэсэн зарим хүний хууль бус үйл ажиллагааг хязгаарлаж байдаг. Тиймээс ч ажилтнуудад нь хорсож явдаг хүн цөөнгүй байдаг бололтой. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргад ажил үүрэгтэй нь холбогдуулан халдсан тохиолдол саяхан гарчээ. Гэтэл үүнийг цагдаагийнхан ердөө л эр улсын хооронд байдаг л нэг маргаанаас болсон гэж байгаа юм.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржээр дамжуулж үнэт цаасны арилжаа хийдэг брокер дилерийн компаниудын үйл ажиллагааг шалгаж байгаа юм байна. Шалгалтаар брокер дилерийн хэд хэдэн компанийнхан иргэдийг луйвардаж, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсан асуудал илэрч, СЗХ-ны Үнэт цаасны газраас акт тавьж, тэднийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор брокер дилерийн нэгэн компанийн захирал халамцуу үедээ тус газрын даргыг хэд хэдэн удаа цохиод авчээ.
Холбогдох албаныхан энэ асуудлыг нууцалж буй ч СЗХ-ны Үнэт цаасны газрын албан тушаалтныг брокер дилерийн компанийн ажилтан Ариунсайн, Арслан нар зодсон аж. Өдгөө энэ асуудлыг Төв аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт шалгаж байгаа юм байна. Энэ талаар тус аймгийн цагдаагийн эх сурвалжаас лавлахад “Шинэ жилийн баяр тэмдэглэж, Эрдэнэ сумын нутаг дахь Чингисийн хөшөөт цогцолборт энэ хүмүүс ирсэн юм билээ. Ууж халамцсан хүмүүс СЗХ-ны албан тушаалтныг цохисон байсан. Тэд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй өнгөрчээ. Өдгөө хохирогчийн биед ямар гэмтэл учирсан бэ гэдгийг тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хандсан.
Хариу нь хараахан гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжих шатандаа яваа манай оронд уг нь зах зээл цэвэр байж л хөгжих учиртай сан. Гэтэл санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцдог брокер дилерийн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж, иргэдийг эд материалын хувьд, төрийн албан тушаалтныг эрүүл мэндээр нь хохироох явдал гаргаж байгаа нь харамсалтай. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг брокер дилерийн компани зах зээлийн жамаараа шахагдах учиртай ч манайд амьдарсаар байна.
Брокерийн зарим компанийнхан харилцагчдынхаа дансанд байгаа хувьцаа, хөрөнгийг шамшигдуулах, хувьцааны ханшийг зохиомлоор хөдөлгөж ашиг унагах зэрэг хууль бус зүйл хийх нь давтагдсаар байна гэж мэргэжилтнүүд ярьж байна.