Ази, Номхон далайн Парламентын XIX чуулган (АНДПЧ) энэ сарын 23-27-нд анх удаа Монгол Улсад болох гэж байна. Өнөөдрийн байдлаар 18 орны Парламентын төлөөлөгч оролцохоо мэдүүлснээс найман улсын Спикер Улаанбаатарт хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Оролцох улсуудын мэдүүлгийг энэ сарын 15 хүртэл авах аж. Чуулганыг зохион байгуулах ажлыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол-Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Загджав, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Нарантунгалаг нар хариуцаж байгаа аж.
Чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Парламентаас гадна бүсийн улсуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой АНУ, Канад, ОХУ, Чили улсаас төлөөлөгч оролцох юм байна. Чили, ОХУ спикерээ оролцуулахаа мэдэгджээ. АНДПЧ нь Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, Хүрээлэн буй орчин, Хууль тогтоомж, хэв журам, Хүний эрх, Боловсрол, соёлын солилцоо гэсэн зургаан чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс 1994 онд тус байгууллагын гишүүн болсон бөгөөд Ази тив, далайн орнууд, хойт, төв болон өмнөд Америк, мөн Евроазийг төлөөлсөн 28 орны Парламент тус байгууллагын гишүүн, ажиглагчийн статустай юм байна. Улаанбаатарт болох чуулганы албан ёсны хэл нь англи байх гэнэ. Чуулганд оролцогч төлөөлөгч болон Парламентын дарга нар шаардлагатай гэж үзвэл өөрсдийнхөө хэлмэрчорчуулагчтайгаа чуулганд оролцож болох юм байна. Хурлын албан ёсны хэлнээс гадна бусад хэлэнд зориулсан орчуулгын хоёр кабин-суваг Төрийн ордонд энэ үеэр ээлжээр ажиллах аж.
Чуулганы төлөөлөгчид Чингис хаан зочид буудалд байрлах бөгөөд Улаанбаатарт хүрэлцэн ирэх болон зочид буудлын зардлаа өөрсдөө хариуцах гэнэ. Харин чуулган зохион байгуулахтай холбоотой зардлыг манай талаас гаргах юм байна. Төлөөлөгчдийн тав тухыг хангахад чуулганыг зохион байгуулагч тал нэлээд эртнээс анхаарсан бололтой. Оролцогч оронд Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газар байдаг бол тэндээс виз авна.
Манай орныг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газаргүй улсын зочдын визний асуудлыг БуянтУхаа олон улсын нисэх буудалд ирэхээр нь зохицуулна хэмээн албаны төлөөлөгч ярив. Нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Улаанбаатарт цаг агаар -25 -30 хэм хүйтэн байх учраас халуун уур амьсгалтай орны төлөөлөгчдийг дулаан хувцсаа бэлдсэн байхыг Чуулганыг зохион байгуулах хорооноос анхааруулжээ.
Э.ТӨР