УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тойрсон маргаан, тэмцэл үргэлжилж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, УИХ хоёрын хооронд байсан уг асуудал сүүлийн өдрүүдэд олон хуваагдав. Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө, улмаар олон нийтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, улс төрийн нүүрээ хэд хоног хоосон гаргасан атлаа зарим хэвлэлийнхэн эргээд өөрийгөө буруутгаж эхэллээ. Ардчиллын зарчмаас ухарсан шийдвэрийн эсрэг нэгдсэн атлаа тэд гэнэт л өөр зүйл ярив. Байнгын хороог хаалттай хуралдахад хүргэсэн гол буруутан нь сэтгүүлчид юм гэнэ.
Энэ тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэсэн учраас бичсэн хүмүүс ч бас буруутан болох аж. УИХ-ын гишүүд ч дотроо хоёр хуваагдав. Төрийн, улсын нууцаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй байх зарчмыг үгүйсгэсэн заалтыг “шоучин” гишүүд нь мэдээгүй болж таарсан. Тиймээс ч энэ өдрүүдэд хэвлэлд хайртай, хайргүйгээрээ тэд ялгарлаа. “Хайргүй” гэх хэсэгт мэдээж Дэгийн тухай хуульд Байнгын хороог хаалттай болгох заалтыг санаачилсан Ч.Сайханбилэг тэргүүтэй таван гишүүн орж байна. С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нарын гишүүн хэвлэлд ээлтэй түшээгээр “тодров”.
Төрийн үйл ажиллагааг хаалттай болгож, мэдээллийн эрх чөлөөг боомилсон гишүүд болохоор ийм заалт оруулах болсон шалтгаан нь “шоучин” түшээд гэсэн. Тэгвэл Дэгийн тухай хуулиас тэдгээр заалтыг хасаж, Байнгын хорооны хаалгыг нээх төсөл өргөн барьсан хэд нь тэднийгээ “Эрх мэдлээ өөртөө авах ганцхан зорилготой” хэмээн дүгнэлээ. Мэдээж “УИХ-ын 76 гишүүн ижил тэнцүү эрхтэй. Хэн нэг нь ганцаараа хэвлэл мэдээллээр гарч, дангаараа шоудаж болохгүй. Хамтдаа л шоудъя” гэсэн санаагаа цухалзуулав.
Дэгийн тухай хуулиас дэггүй заалтуудыг хасаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэд үнэндээ ардчилал, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөнд хайртайдаа биш өөрсдийнхөө төлөө энэ алхмыг хийж буйгаа сануулж байна. Төслөө тэд өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. УИХ-ын дарга Дэгийн хуулийн холбогдох заалтыг буруутгасан гишүүдээ хэвлэлээр “загнаж”, үүний оронд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж бүрэн эрхээ эдлэх хэрэгтэй гэсэн билээ.
Үүнээсээ ч болсон уу тэр бас гишүүдээ ялгасан юм байх. Төсөл өргөн барьж, хэвлэлийн эрх чөлөөг “аврахаар” оролдож буйгаа мэдээлэхдээ С.Эрдэнэ “Бид өчигдөр (уржигдар) 16.30 цагт Тамгын газарт УИХ-ын даргаас цаг авах хүсэлт тавьсан. Гэтэл УИХ-ын даргыг гаднын төлөөлөгчидтэй уулзаж байна гэсэн. Харин захирамжаар байгуулсан, Ж.Сүхбаатарын ахалсан Ажлын хэсгийнхний төслийг 17.40 цагт хүлээн авсан байна лээ” хэмээн гоморхов. Хэвлэлд хайртай, хайрг үйн төлөөх тэмцэл гишүүдийн дунд өрнөөд буйн жишээ энэ.
Төсөл санаачлагчдын нэг болох Э.МөнхОчир хэвлэлийн хурал дээр асуулт тавьсан сэтгүүлчид ёс зүйн тухай лекц уншингаа “Дэгийн тухай хуульд та нарыг бодсондоо өөрчлөлт оруулж буй ч юм биш. Сонгогчид тухайн асуудлаар хэн ямар байр суурьтай байгааг мэдэх ёстой учраас л өөрчилж буй юм” гэлээ. Бусад нь ардчилсан зарчмаас ухарсан, Үндсэн хуультай зөрчилдсөн, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон учраас гэсэн тайлбар хэлж байтал нэг нь жинхэнэ зорилгоо шууд л зарлаад орхилоо. Телевизээр, сониноор олон түмэнтэй уулзахаа болиод ирмэгц ажлаа хийх идэвх нь эрс суларсан түшээд Дэгийн хуулийн холбогдох заалтыг зүхсэн нь мэдээж.
Юутай ч тэдний эрх ашиг хөндөгдсөний ачаар эрхэм түшээд зориглон хөдөлж, Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөхөөр болжээ. Тэд бас хамтарсан Засгийн газар байгуулж, хяналт, сөрөг хүчингүй болсонд бурууг тохоод авсан. Ийнхүү Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ долоо хоногт багтаагаад асуудлыг чуулганаар хэлэлцэх юм байна. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн төгсгөлд хэвлэлийнхнээс нуугдаж баталсан хуулийн алдаагаа одоо УИХ хэвлэлийнхний дуран, хараан дээр буцаан залруулах биз ээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай С.Эрдэнэ нарын өргөн барьсан төсөл гурван заалттай юм байна. Эдгээрээс “хаалга нээсэн” хэсгийг сонирхуулъя.
1 дүгээр зүйл. УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1 дэх хэсгийг “…гишүүдийн зөвлөх, туслахууд” гэсний дараа “хэвлэл мэдээллийн ажилтнууд” гэж нэмсүгэй. (Ингэснээр Байнгын хорооны хуралдаан хэвлэлийнхэнд нээлттэй болох юм. Байнгын хорооны хуралд оролцох эрхтэй хүмүүсийг уг заалтаар тодотгосон байсан. Оны эхнээс мөрдөж буй хуульд уг заалтад хэвлэл мэдээллийнхэн гэдэг үг байгаагүй юм) 2 дугаар зүйл. 53.2 УИХын үйл ажиллагаа сурвалжлах эрхийг ээлжит чуулган бүрийн эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл мэдээллийн ажилтанд нэр зааж олгоно. (Нас, ажилласан жил заасан хэсгийг хасчээ)