Үндсэн хууль баталсны 19 жилийн ой маргааш тохионо. Ойн босгон дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Д.Энхбат тэргүүтэй УИХ-ын 15 гишүүн төсөл боловсруулсан байна. Тэд төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталсны дараа “эцэг” хуульд гар хүрэх анхны төсөл боловсруулсан нь энэ. Гишүүд төсөлдөө 2000 онд уг хуульд оруулсан долоон өөрчлөлтийг өөрчлөхөөр тусгажээ. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг Д.Энхбатаас тодрууллаа.
-Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг цэгцлэхээр төсөлд тусгасан гэсэн. Гол зохицуулалт нь юу вэ?
-Бид Үндсэн хуульд орон нутгийн засаг захиргаа гэх мэт том асуудал ярихаас илүү, өмнө нь хийсэн, нийгэмд шүүмжлэл дагуулаад буй долоон өөрчлөлтийг цэгцлэх байр сууринаас хандсан. Ингэхдээ Монголын засаглалын тогтолцоог гажуудуулж буй хоёр үндсэн заалтыг анхаарсан.
Нэгдүгээрт, одоо Засгийн газрын бараг бүх гишүүн УИХын гишүүн байна. 38 хүн ажилдаа ирснээр УИХ асуудлыг шийддэг. Гэтэл тухайн намын хамгийн гол 15 хүн Бүлгээ үүсгээд, Засгийн газар, УИХ-аа “барьчихаар” УИХ бие даасан байдлаа алдчихаж байгаа юм. Дээрээс нь улсын төсвийг шүүмжилж, засах гэхээр Засгийн газрын гол хүмүүс УИХ-д сууж байдаг. Тэгэхээр Засгийн газраа УИХ хянаж чадахаа больдог. Энэ бүхнийг засъя гэсэн юм. Гэхдээ практик ач холбогдлыг нь авч үзээд ”Засгийн газрын нийт бүрэлдэхүүний гуравны нэг нь УИХын гишүүн байж болно” гэж тусгасан. Гадаад харилцааны, Хууль зүй, дотоод хэргийн, Ерөнхий сайд, Сангийн сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, нам гишүүнээ сонгуульд нэр дэвшүүлдэг, тэд нь хууль батлах эрхийг ард түмнээс авдаг. Гэтэл 76 хүн УИХ-ын болон Байнгын хорооны даргыг өөрсдөө сонгож чадахгүй, намын Бүлгээс асууж байна. Тухайлбал, хоёр нам Засгийн газар байгуулахдаа албан тушаалуудаа тохиролцсон. Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын суудал АН-ынх. Тиймээс АНын бүлгээс л нэр дэвшүүлнэ. МАН-ынхан үүнд саналаа өгөх эрхгүй. Энэ бол төрийн эрх мэдэл ард түмний гарт байна, УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтыг зөрчиж, гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. Гишүүд УИХ-ын бүтцийг байгуулахдаа санал өгөх эрхээ хасуулчихаж байгаа юм. Нам нь шийдсэн тул дуугүй сууна. Тиймээс бид төсөлдөө намыг Парламентаас тусгаарласан. Намын бүлэг зөвхөн УИХ-ын доторх хүрээнд ажиллана, дээр нь гарахгүй.
Гуравдугаарт, улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг харж үзээд 2012 оны сонгуулийн дараа буюу наймдугаар сараас уг хуулийг мөрдөхөөр тусгасан. Уг өөрчлөлтөөр УИХ-ын бие даасан байдал, Засгийн газраа хянах чадвар, гишүүдийн болон улс төрийн намын хоорондох харилцааг илүү ил тод болгосон. Гишүүд УИХ-ын хуулийн хүрээнд л намтайгаа харьцана. Бусад таван заалт дээрх хоёроо бодоход нөлөө нь бага учир хөндөөгүй.
-Одоогийн УИХ-д 2000 оны өөрчлөлтийг оруулсан хоёр намын түшээд сууж байгаа. Тэгэхлээр та нарын санал олонхийн дэмжлэг авч чадах уу. 2004-2008 оны УИХ-д Д.Лүндээжанцан нарын гишүүн “Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байна” гэсэн төсөл санаачлаад хол яваагүй…
-Д.Дэмбэрэл дарга УИХ-ын чуулганыг нээж үг хэлэхдээ УИХ-д данстай Засгийн газрын гишүүний тоог цөөлөх талаар ярьсан. Аль ч түвшиндээ үүнийг ойлгож байна. Тэдгээр өөрчлөлтийг баталсан хүм үүс өнгөрсөн хугацаанд уг тогтолцоо зарим талаар маш буруу болохыг ойлгосон байх. Мөн өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байранд нь тавих ёстойг ухаарууллаа. Улс төрийн нөхцөл байдлаас харахад энэ хоёр нам хэврэг байдалд байгаа учир бие даагаад ийм төсөл санаачилж чадахг үй. Тиймээс би гурав дахь хүчний үүднээс бие даан санаачилсан. Сайн хуульчид хамтарсан. Мэдээж бидний өргөн барьсан төслөөр асуудлыг бүрэн шийдэхгүй. Бид зөвхөн өөрчлөлтийг зөв өнцөг, цэгээс эхлээсэй гэж үзсэн.