Сонгинохайрхан дүүрэг 270 гаруй мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүргийн нэг. Энэ дүүргийн талаар сайнаасаа илүү саар мэдээлэл чих дэлсдэг. Бусад дүүрэг өөрсдийн нөөц бололцоог ашиглаад үйл ажиллагаагаа хэдийнэ явуулж болоод байхад эднийхэн нийслэлээс мөнгө “гуйдаг”. Шинэ оны зааг дээр дүүргүүд тайлангаа гаргаад ид ажилтай бужигнаж байхад Сонгинохайрхан дүүргийн хэн 2010 оны төсвөө батлах гээд хуралдаж суусан. Хэл ам ихтэй тус дүүргийн ИТХ-ын гишүүд Засаг даргаа тэсгээдэггүй гэмтэй.
Одоогоос жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхан ээлжит хуралдаанаараа дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярын хийсэн ажлын үр дүнг хэлэлцээд хангалтгүй хэмээн үзэж, түүнийг огцруулах тогтоол гаргасан. Энэ тогтоолыг нийслэлийн Засаг дарга батламжлахгүй байсаар 2010 оны гуравдугаар сарын 9-нд захирамж гарган Ц.Болдыг тус дүүргийн Засаг даргаар томилсон юм. Ц.Болд ажлаа хүлээж аваад жил ч болоогүй байтал өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр дүүргийн ИТХ-ынхан ээлжит хурлаа хийхдээ түүнийг мөн л хангалтгүй ажилласан хэмээн үзэж, огцруулах тогтоол гаргаадахлаа. Ч.Сайханбаярын хувьд муугаар үнэ лэгдэхээс аргагүй байсан тухай цөөнгүй хүн ярьж байсан. Тэрбээр төрийн албан хаагчдыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж, оронд нь төрийн албаны шалгалт өгөөгүй болон тэнцээгүй хүн, хамаатан садан, найз нөхдөө ажилд авсан, хороодоороо явж, ард иргэдийн амьдрал ахуйтай танилцахын оронд дарга нарыг даган баясдаг зэрэг нэлээд шүүмжлэл сонссон. Ч.Сайханбаярыг Засаг даргаар ажиллах хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт архидан согтуурах нь ихсэж, улмаар гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлт гарчээ.
Түүгээр ч зогсохгүй “Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт”-ийн 904 дугаартай магистрын дипломыг хуурамчаар үйлдэн төрийн албанд шургалсан талаар хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслээр ярьж, бичсэн. Ийм ёс зүйгүй хүн бүхэл бүтэн дүүргийг авч явна гэдэгт итгэх хүн олдохгүй нь мэдээж. Дүүрэгтээ олон төрлийн ажил хийх нь битгий хэл нийслэлээс 600 сая төгрөгийн татаас авчихсан, 2010 онд энэ мөнгөө 100 саяар ахиулан авахаар төлөвлөсөн байсан гэдэг. Эцэст нь ИТХ-ын тэргүүлэгчдэдээ хийсэн ажлаа танилцуулахдаа бусдын бүтээснийг оруулан тайлагнасан нь ИТХ-ын төлөөлөгч дийн эгдүүцлийг хүргэжээ. Ч.Сайханбаярын үйлдэл бүр хуулиас гадуур байсан нь ийнхүү үүрэгт ажлаасаа огцроход түлхсэн хэрэг. Нийслэлийн хамгийн том дүүргийг толгойлж байж хуулиа дээдлэхгүй, шинэ ажил санаж сэдээгүй түүнээс болж тус дүүргийнхэн нэг хэсэг бужигнасан.
Түүний ажлыг хүлээн авсан Ц.Болдын хувьд харьцангуй туршлагатай, НЗДТГ-т олон жил ажилласан, нийслэлчүүдийн хуучин танил. Тэрбээр 1982 оноос Хан-Уул дүүргийн ЗДТГын Зохион зааварлах хэлтэст мэргэжилтэн, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар нийт 10 гаруй жил, 1995-2000 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (ЗАА)-ны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, 2000-2006 онд Улаанбаатар хотын ЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга, 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш тэрбээр дүүргийнхээ өнгө төрхийг сайжруулан тохижуулахад багагүй зүйл хийсэн талаар оршин суугчид ярьдаг. Нийслэлийн Засаг даргад байдлаа танилцуулсны үр дүнд ТҮК-ийн ажилтнуудынхаа цалинг энэ жил нэмэхээр болоод байсан. Гэсэн ч ИТХ-ын төлөөлөгчид түүнийг нэг их таалсангүй, жил хүрэхгүй хугацаанд хийсэн ажлаар нь дүгнээд л огцруулах шаардлагатай хэмээн үзэв.
Тэр ч бүү хэл зарим төлөөлөгч нь мөнгө өгвөл өөрийнх нь төлөө саналаа өгөх маягтай үг цухуйлгасан сураг дуулдсан. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн М.Цэрэндорж даргатай ИТХ-ын төлөөлөгчид Ц.Болдын оронд тус дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст 2007 оноос ажиллаж буй Ц.Нүүдэлийг үүрэг гүйцэтгэгчээр тавих нь тэр. Шинэ үүрэг гүйцэтгэгчийг мэддэг хүмүүс нь түүнийг Засаг дарга болно гэхэд таатай хандахгүй байна. ИТХ-аас гаргасан дээрх тогтоолыг хотын дарга батламжилж байж хүчин төгөлдөр болох учиртай. Харин нийслэлийн Засаг дарга батламжлалгүй тус дүүргийн ИТХ-ын дарга М.Цэрэндоржийг хуулийн дагуу ажиллахыг сануулж, Ц.Болдыг хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгов. Тиймээс одоохондоо Ц.Болд Засаг даргаараа ажиллаж байгаа ч хэр удаан тогтохыг хэлж мэдэхгүй юм. Ер нь дүүргийн Засаг даргыг дахин дахин солилоо гээд асуудал шийдэгдэхгүй нь мэдээж.
Хэн ч томилогдож очсон дор хаяж 1-2 жил ажиллаж байж үр дүн нь харагдах бус уу. Харин ч олон жил тогоонд нь чанагдаж, зовлонг нь ойлгосон туршлагатай хүн ажиллах нь энэ хугацааг наашлуулах боломжтой юм. Гэтэл бүтэн жил ч болголгүй огцруулах гэж яарч буй нь ИТХ-ын төлөөлөгчдийн эрх ашигт нийцэхгүй болоод хольж, солиод байна гэсэн хар хэн хүнд төрөх боллоо. Сонгинохайрхан дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. 31 нь МАН, дөрөв нь АН-ын төлөөлөл. Харин тус дүүргийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан Г.Бямбасүрэн одоо МАХН-ын хөдөлгөөнд нэгдэж, МАН-ын гишүүн “бус” болсон тул одоогоор ИТХ-ын төлөөлөгчид багтах эсэх нь эргэлзээтэй болоод буй.
Тэгэхээр энэ хэдэн төлөөлөгч өөрсдийн сэтгэлд нийцэхгүй, эрх ашигт тохирохгүй Засаг даргыг тэсгээдэггүй бололтой. Сонгинохайрхан дүүрэг Засаг даргынхаа томилгооны асуудлаас болж 2010 оны төсвийн төслөө баталж чадалгүй 2009 оныг үдсэн. Ингээд 2010 он дуусах гэж байхад төсвөө батлахаар хуралдаж байгаа юм. Уг нь хэдийнэ 2010 оны төсвөө дүгнээд, 2011 оны төсвөө хэлэлцчихсэн байх ёстой шүү дээ. Иргэдийн төлөөлөл болсон эрхмүүд өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавьж, Засаг даргын томилгооны асуудлаар маргалдаж буйн ард жирийн иргэн, оршин суугчид хохирсоор байна. Тус дүүргийнхний дийлэнх нь хөдөө, орон нутгаас шилжин ирсэн иргэд бөгөөд ихэнх нь гэр хорооллынх.
Захын хорооллын айлуудад нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүйгээс гадна худаг нь хол, гэрэл цахилгаангүй гээд дүүрэгт тулгамдаад буй, шийдвэрлэх ёстой асуудал олон. Цаашилбал, тус дүүрэг дэх хайрганы карьеруудын ашиглалтаас болж Туул голын эрэг орчим сүйдэж, хамрын үзүүр хатгах өвсгүй болсон гэхэд хилсдэхгүй. Засаг даргаа тэсгээдэггүй эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн сонирхлын зөрчилдөөн шийдэгдэхийг иргэд хэдий болтол хүлээж суух ёстой вэ.