АН сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт 21 аймгийн намын удирдлагатайгаа “Video conference” зохион байгуулахаар болж эхний хурлаа өчигдөр хийлээ. Хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон нарийн бичгийн дарга нар оролцож 15 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн намын дарга, гишүүдтэй мэдээлэл солилцож энэ онд хийх ажлын талаар чиглэл өглөө.
Хурлын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ ҮЗХны ээлжит хурлаас “Монгол хүн 2020” эдийн засгийн цогц хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Хөт өлбөрийг намын хүрээнд бус ард түмнээрээ хэлэлцүүлж батлах зорилго тавьсан. Энэ ажлын үр дүнд аймаг бүр дэд хөтөлбөр боловсруулж, “Монгол хүн 2020” гэсэн хөтөлбөр хэрэгжих юм. Түүнд орон нутгийн намууд идэвхтэй оролцож өөрийн аймгийн хөтөлбөрийг эртнээс боловсруулахыг үүрэг болгожээ.