Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд түүний ажлын алба, УИХ, Засгийн газрын гишүүн гээд Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах үндсэн үүрэгтэй Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар гэж байгууллага бий. Ордны “амьтдын” уух ус, цай, идэх хоолны асуудлыг ч энэ газрынхан зохицуулдаг гэхэд болохоор санагддаг юм. ТЗҮААЭГ энэ онд 90 насныхаа ойг тэмдэглэнэ.
1921 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ардын Засгийн газрын тогтоолоор Эд таваарын анги нэртэйгээр энэ байгууллага тулгын чулуугаа тавьсан түүхтэй. Ордны хаалганы бариул солих, бие засах газрыг цаасаар таслахгүй байх, цэвэр цэмцгэр байдал гэх мэтчилэн жижиг сажиг зүйлээс эхлээд энэ газарт хамааралгүй зүйл Ордонд байдаггүй байх. Нүсэр үүрэгтэй, оролцохгүй ажил гэж бараг үгүй ТЗҮААЭГ-ын ажлын талаар сонирхсон зүйлээ энэ булангаараа хүргэе гэж бодлоо.
Ордны урд талын өргөтгөлийн өмнөд хэсэг буюу хаадын цогцолбор саяхныг болтол харанхуй байжээ. ТЗҮААЭГынхан төсвөө хэмнэн байж оны өмнөхөн иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгосноор Их хаан, түүний шадрууд шөнө үдэш орчноо тольдох боломжтой болж. Төр, засгийн үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд багагүй ажил зохион байгуулжээ.
Ордны гадна талын талбайн тохижолтыг ч ерөнхийдөө шийдсэн гэнэ лээ. Арын цэцэрлэг дэх Төрийн тамганы хөшөө үнэндээ эзгүй байсныг дарга нь арчилгаатай болгосон гэсэн. Уг нь нутаг дэвсгэрийн хувьд Сүхбаатар дүүргийн мэдлийнх байх ёстой атал дүүргийнхэн тэнд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаггүй юм байх.
Харин төрийн томоохон, хүндэтгэлийн арга хэмжээ “хүний” нутагт голдуу болдог ч хөөрхий тамга нүднээс гараад байсан бололтой. Суурь нь эвдэрч нураад, шувууны сангасаар хучигдаад байсан үеэ бодвол одоо Төрийн тамга өнгө зассан байна лээ. Нэг үеэ бодвол ордны бие засах газрын үйлчилгээ соёлтой болсон. Ариун цэврийн цаасны чанар сайжирч, нэг удаагийн суултуурын цаас хэрэглэдэг болсон юм.
Гарын нэг удаагийн цаасан алчуур, шингэн саван тавьдаг болсон гээд ордны үйлчилгээнд ахиц гарсан юм нэлээдгүй бий. Энэ сарын 23-27-нд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентчдын чуулган Улаанбаатарт, Төрийн ордонд болох юм.
Түүнтэй холбоотойгоор АИХ-ын танхим, “А” танхимд их засвар хийгээд эхэлчихэж. Их танхимын эгнээстэй сандлыг салгаж, дундаа урт ширээтэй байхаар зохион байгуулалт хийж байна. Ирэх гуравдугаар сард Монголын эдийн засгийн форум шинээр тохижуулсан энэ танхимд болох юм билээ.
Дуулах нь ээ, Цагаан сарын хүндэтгэлийн концертыг энд зохион байгуулна гэж байсан нь онцгүй санагдсан шүү. Хурлын арга хэмжээнд зориулж зассан газар концерт тоглоно гэхээр нэг л авцалдаагүй санагдаад байгаа юм. Төрийн ёслол хүндэтгэлийн баганат танхим, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өрөө болон Засгийн газрын хуралдааны танхимд орчин үеийн их засвар хийсэн бол УИХ-ын даргын өрөөг саяхан шинэчилжээ.
УИХ, Засгийн газрын архивыг зориулалтын тоног төхөөрөмжөөр ханган тохижуулж, хадгалалтын норм, горимын нөхцөл бий болгоод байгаа аж.
ТЗҮҮААЭГ-ын харьяанд Засгийн газрын автобааз гэж бий. Тус баазыг Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ашиглах боломжгүй гэсэн ч аргагүй байдлын улмаас ашиглаж байгаа юм байна. Төрийн ордонд байсхийгээд л элдэв янзын арга хэмжээ зохион байгуулдаг. Намын хурал, хүүхэд, оюутан, залуу, хөгшдийн цуглаан гэх мэтчилэн. Энэ жилээс харин үүнийг болихоор зэхэж байгаа нь сайн хэрэг. Төрийн ордонд зөвхөн төрийн л арга хэмжээ зохион байгуулах ёстой гэж үзсэн учраас тэр.
Ордны урд талын өргөтгөлийг Улсын комисс хүлээн авсан ч төрийн өмчийн эд хөрөнгөд бүртгэж аваагүй байсныг одооноос л дансандаа авахаар ажиллаж байгаа гэсэн. Галын дохиоллын иж бүрэн систем суулгаад дуусаж байгаа бол Улаанбаатарт ус, цахилгаан тасрахад Төрийн ордон алзахгүй болов бололтой.
Төвийн ус, цахилгааны хангамж доголдлоо гэхэд ордны нөөц эх үүсвэрээр хэсэгтээ хангагдах боломжтой болжээ. Олон улсын чанарын удирдлагын “ISO 9001” гэж чанарын баталгааны тэмдэг байдаг. Төрийн байгууллагуудаас анх удаа ТЗҮААЭГ-ынхан ийм болзол хангажээ.
Э.Төр