Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөшиг татсан заалтыг цуцлах асуудлыг УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэж байлаа. Зарим талаараа назгай, дэгээ мэддэггүй гэх мэтээр шүүмжлүүлдэг Ш.Сайхансамбуу энэ үеэр нууцаа дэлгэв.
Тэрбээр ухаан санаагаа төвлөрүүлж байж л чуулганы танхимд үг хэлдэг юм байна. Зарим шигээ цээжний пангаар “хусахгүй”.
Яг энэ зарчмаараа төвлөрөөд л, хэлэх үгээ бодоод байж байтал нь Л.Гүндалай дундуур нь орж үймүүлээд “Миний хэлэх үг дуусаагүй байтал минут дуусчихлаа” гэх мэтээр инээд ханиад үүсгэв.
Ш.Сайхансамбуу инээх биш дургүйцэж, “УИХ-ын дарга хоёр сайдад хариуцлага тооцох хүсэлт тавьсантайгаа адил сахилгагүй гишүүддээ арга хэмжээ авмаар юм” хэмээн гомдоллов.