“Засгийн газрын 166 дугаар тогтоолын дагуу аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ хангасан ч өвөлжилт хүндэрч болзошг үй тул тайвширч болохг үй” гэж Ерөнхий сайд С.Батболд аймгуудын Засаг дарга нарт анхаарууллаа. Тэрбээр өчигдөр Засаг дарга нарыг хүлээн авч уулзан, албан даалгаврын биелэлт болон орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг, даалгавар өглөө.
Мөн Шадар сайд, УОК-ийн дарга М.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Сауле нар Улсын Онцгой комисс, Засгийн газраас авсан зарим арга хэмжээ, мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдлын талаар Засаг дарга нарт товч мэдээлэл хийв. Байгаль, цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд малчин, баг, сум, аймаг бүр 30 хоногийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг болгосон.
Өнгөрсөн жилийн гамшиг, зуднаас сургамж авсан орон нутгийнхан, малчид албан даалгаврын дагуу өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Гэхдээ аймгуудаас ирүүлсэн болон дарга нарынх нь өгсөн мэдээлэл зөрж байгааг нягтлахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгов.
Мэдээлэл зөрдгөөс Засгийн газраас авах арга хэмжээ оновчтой бус болохыг үгүйсгэх аргагүй. Иймээс орон нутаг бодит мэдээлэл, шаардлагадаа үндэслэн Засгийн газарт асуудлаа тавьж, танилцуулж байхыг мөн санууллаа.
Аймгуудад байгаа Улсын нөөцийн цэг, салбаруудад өвс, тэжээл нэмж байршуулах, тээврийн зардлыг шийдэх, Дорнод, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу мал, мах, махан бүтээгдэхүүн оруулахыг хориглосон шийдвэрийг эргэж харах, төсвийн зээл авах хүсэлтийг Засгийн газрын ойрын үеийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ ч хэллээ.
Сар шинийн баярын өмнө Засгийн газрын гишүүд бүх аймагт ажиллан өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцана. Аудитын шалгалтын дүн, хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллээс харахад зарим аймгийн удирдлага төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бүх нийтээр дагаж мөрдөх ёстой хууль, журмыг мөрдөхийн оронд өөрийн дүрмээр тоглоод байна гэсэн шүүмжлэл гарч байна.
Орон нутагт ажиллах үед ч ийм яриа дуулдаж байсан. Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдэд мэдээллээ ил тод өгч, нээлттэй, үнэнч шударга, хариуцлагатай ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга нарт хатуу санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.