НН, ИЗН нэгдэх асуудал ерөнхийдөө шийдэгдсэн гэнэ. Энэ сарын 31-нд намуудын дарга нар гэрээ байгуулж, түүний дараа тус тусын Их хурлаа хийж, эцсийн шийдвэр гаргахаар болжээ. Нэгдсэн намаа Иргэний зориг-Ногоон нам (ИЗ-НН) гэж нэрлэх, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Энхбатыг, тэргүүн дэд даргаар С.Оюуныг сонгохоор тохиролцоонд хүрээд байна. Энэ талаар НН-ын дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун нараас тодрууллаа.
Э.Зоригт: ИЗ-НН-ын даргад Д.Энхбатыг дэвшүүлнэ
Э.Зоригт:-Намуудын удирдах байгууллагын шийдвэрт үндэслэн нэгдүгээр сарын 31-нд НН, ИЗН-ын дарга нар гэрээнд гарын үсэг зурна. Энэ хооронд дүрэм, мөрийн хөтөлбөрөө нэгтгэх Ажлын хэсэг ажиллах юм. Түүний дараа болох намуудын Их хурлаас эцсийн шийдвэр гарна.
-Дүрэм, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөс болж нэгдэх асуудал сунжирсан. Энэ талаар тохиролцсон гэж үзэх үү?
-Ногоон үзэл санаа дэлхий дахинд хүчээ авч байгааг тэмдэглэх хэрэгтэй. ИЗН либерал чиглэлийн нам. Энэ хоёр үзэл баримтлалаас дэвшилтэт талыг нь нийлүүлье гэж тохирсон учраас асуудал үүсэхгүй байх. Бичиг баримт боловсруулах үеэр энэ асуудлаа илүү нарийвчлан судалж үзэхээр боллоо. Дүрмийн хувьд Улс төрийн намуудын хуулийн хүрээнд асуудлаа шийдье гэж тохирсон. Туршлагаар нотлогдсон сайн зүйлүүдээ авч, мууг нь орхих хэрэгтэй. Нэгдэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаа.
-Бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар тохиролцоонд хүрсэн бэ. Нэгдсэн нам хоёр даргатай байх тухай өмнө нь ярьж байсан…
-Нэг даргатай байна. УИХын гишүүн Д.Энхбатыг ИЗ-ННын даргад, тэргүүн дэд даргад С.Оюуныг нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрсэн. Бас дэд даргатай байна. Намын удирдах байгууллагаа юу гэж нэрлэх зэрэг нэр томъёоны асуудлаа Их хурлаараа хэлэлцүүлж, шийдвэрлэхээр боллоо. Орчин үеийн улс төрийн олон нийтийн нам байхын төлөө ИЗ-НН ажиллах болно.
-ҮШН, МУНН, Эх орон намууд нэгдэх асуудлаар бас санал солилцож байгаа гэсэн. Та нарын хувьд тэдэнтэй энэ талаар байр сууриа хуваалцав уу?
-Албан бусаар санал солилцож байсан. Гуравдагч хүчний орон зайд байгаа намууд нэгдэж, нийлэх тухайд олон хүн санал нэг байдаг юм билээ. 5-6 нам нэгдэж өнөөгийн АН байгуулагдсан шиг үйл явц үргэлжилж байна гэж ойлгож байгаа.
С.Оюун: Бидэнд үл ойлголцох зүйл үлдээгүй
С.Оюун: -Нэгдэх талаар зарчмын ерөнхий тохиролцоонд хүрсэн. ИЗН-ын Улс төрийн зөвлөл, Үндэсний хороо, Ногоон намын Бага хурлын шийдвэр гарсан. Одоо техникийн Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Орон нутгийн намын хурал, түүнээс Их хуралд төлөөлөгч өө сонгох, үзэл баримтлал, дүрмээ нэгтгэх ажил үлдсэн. Ирэх сард нэгдэх үйл ажиллагаа эцэслэн шийдэгдэнэ гэж найдаж байна.
-Үзэл баримтлал, дүрмийн асуудлаас болж багагүй цаг алдсан байх?
-ИЗН либерал үзэл баримтлалтай Олон улсын холбооны гишүүн. Гэсэн ч НН-ын үзэл баримтлалын гол зарчмыг орхигдуулахгүй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ боловсруулна. Намууд механикаар нэгдэж болдоггүй юм байна гэдгийг ИЗН туршлагаараа мэдэрсэн учраас асуудалд нэлээд нухацтай хандсан. Нэгдсэн ИЗ-НН-ын удирдах болон төлөөлөн удирдах байгууллагад ИЗН, НН-аас 50:50 хувьтай байхаар тохирсон.
-Нэгдэх асуудлаар ИЗННН- д үл ойлголцох зүйл үлдээгүй гэсэн үг үү?
-Зарчмын зөрүүтэй зүйл байхгүй.
-ҮШН, МУНН, Эх орон намууд бас нэгдэх нийлэх тухай ярилцаж байгаа гэсэн. Тэдэнтэй санал солилцсон уу?
-Одоогоор ИЗН, НН-ын нэгдэх асуудлыг л ярилцаж байна.
Го.Энхтөр