УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Б.БатЭрдэнэ, Д.Тэрбишдагва нар өнгөрсөн баасан гаригийн үдэш Ерөнхий сайд, намынхаа дарга С.Батболдтой уулзаж Ил захидал гардуулжээ. Нэрээ сольсноос хойш МАН-д үүсээд байгаа зарим гишүүнийх нь”салан тусгаарлах” үйл ажиллагаа мань дөрвийн санааг зовоосон бололтой.
Үзэл бодол өөр журмын нөхдийнхөө нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж, дарамталж байгаад тэд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөх нийгмийн үед МАХН-д байсан архаг дутагдал МАН-ын үед илаарших бус улам сэдэрч байгааг, боловсон хүчний томилгоог эрх ашиг, хөрөнгө, мөнгөний шалгуураар хийж байгаа нь том ялагдлын эхлэл болно гэж сануулжээ.
Намд үүсээд байгаа асуудлаар гишүүд, дэмжигчдийнхээ дунд санал асуулга явуулж, эвдрэлцүүлэх бус эвлэрүүлэх талаар хэлэлцээ, ойлголцлын зарчмаар ажиллахыг санал болгожээ.
Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээг хянан үзэж, УИХ-аас өгсөн үүргийн дагуу дахин шинэчлэн батлуулах, Ашигт малтмалын тухай хуулийг байгалийн баялагтаа Монголын ард түмэн эзэн байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн өөрчлөх асуудлыг МАН-аас санаачлан ойрын үед ажил хэрэг болгохыг Ил захидалд онцолжээ.