Ерөнхийлөгч сүүлийн үед нийслэлийн агаарын бохирдолд санаа тавьж буйг уншигчид анзаарсан байх. Улмаар түүний санаачилгаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Үүгээр нь Иргэний танхимд өчигдөр хэлэлц үүлэг зохион байгуулав. Хотын утаа аль хэдийнэ гамшгийн байдалд хүрч, нийслэлийн хүүхдүүд хөдөөгийнхнийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин, багтраагаар 5-8 дахин илүү өвдөж байгаа аж. Гэр хороолол жил ирэх бүр тэлж, хуучин машины тоо ч өсөж байна.
Тархай бутархай байгууллагуудыг нэгтгэж, бодит ажил хийх ёстойг Төрийн тэргүүн сануулжээ. Тиймээс төсөлдөө УИХ-ын дэргэд уг асуудлыг хариуцсан Үндэсний хороо байгуулахаар оруулсан байна. Мөн 100 айл зэрэг хотын төвийг “утаж” байгаа гэр хорооллыг хязгаарлалтын бүс болгож, ирэх жилээс тэнд нүүрс хэрэглэхийг хорих гэнэ. Тогтоосон стандартыг хангасан бол хязгаарлалтын бүсэд амьдрагчдын цахилгааны шөнийн тарифыг хоёр дахин хямдруулж, цагийг нь 18.00-09.00 болгон уртасгах юм байна.
Кокс, хийн түлш хэрэглэсэн тохиолдолд тодорхой урамшуулал олгох, машиныг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт заалт оруулжээ. Мэдээж дулааны V, VI эх үүсвэрийн талаар ч хөндсөн байна. УИХ-ын гишүүд, ЭБЭХЯ, ЭМЯ зэрэг байгууллагаас төл өөлөгч оролцсон. УИХ-ын гишүүн С.Оюун V цахилгаан станцыг барихгүйгээр цахилгааны хэрэглээг нэмэх, шөнийн тарифыг хөнгөлөх төлөвлөгөө хэрэгжих эсэхийг лавлав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Галуут нуурын цахилгааны дэд станцаас 10.000 айлыг хангах боломжтой.
Мөн Тасганы овоо, Дэнжийн 1000- ыг цахилгаанаар хангадаг баруун болон умардын дэд станц хүчин чадлынхаа 50-80 хувийг ашигладаг. Үлдсэнээр нь 20.000-30.000 айлыг цахилгаанаар хангаж болно гэж тооцсон” гэлээ. Гишүүн Г.Баярсайхан агаарын бохирдолд хамгийн их өртдөг хүүхдүүдийг өвөлдөө хотоос гадна амраах талаар зохицуулалт нэмэх санал гаргав. Мөн гишүүн Д.Ганхуяг хотын ерөнхий төлөвлөгөө чухлыг сануулж, түүний хэрэгжилтийг хэлэлцэх, улмаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ярих хэрэгтэй гэлээ.
Автомашинд хар тугалга агуулсан болон дизель түлш хэрэглэхийг хориглох, тоосонцортой холбоотой арга хэмжээ авахыг ЭМЯ-ны ажилтан санал болгов. Хар тугалга агуулсан түлш хүүхдийн оюун санааны хөгжилд муугаар нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ. “Шууд тэгж хорих боломжгүй. Гэхдээ бид хийн түлш хэрэглэдэг машин хилээр оруулбал гаалийн болон НӨАТ-ыг хөнгөл өхөөр тусгасан” хэмээн Д.Баттулга хариулсан.
Хуулийг баталж хэрэгжүүлснээр 2012 он гэхэд агаарын бохирдлыг 50, 2012-2013 онд 80 хувь бууруулна хэмээн өөдрөгөөр тооцжээ. Улмаар 2014 оноос улаанбаатарчууд утааг мартах гэнэ. Уг хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд баасан гаригт УИХ-д өргөн барих юм байна.
С.УУЛ