МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан халуухан болов. МАХН-ыг аварч үлдэх гэсэн Ц.Шинэбаярыг элдвээр шахаж, дарамталж буйг эсэргүүцэн Ил захидал илгээсэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нарын асуудлыг уг хурлаар “шүүжээ”. Хаалттай хуралдааны төгсгөлөөр гишүүдийн дуу чангарч, маргаж буй нь илт мэдэгдэв. Бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан “Хурлаа үдээс хойш үргэлжлүүлье” хэмээн дуу мэдэн хашгирах нь хаалганы цаанаас сонсогдсон. Ц.Даваасүрэн гишүүн А заалны хаалгаар хэн нэгэнд түлхэгдэн гарч ирсэн бол Д.Тэрбишдагва “Хууль хяналтын байгууллагад яг одоо хандана” гэсээр ууртайхан гарч явав. Хаалттай хаалганы цаана сонсогдоод байсан маргааны дууг Бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан харин “сонсоогүй” гэнэ.
Түүнээс зарим зүйл тодруулав.
-Бүлгийн хуралдаан дээр гишүүд яагаад маргаад байсан бэ?
Д.Тэрбишдагва гишүүн сая “Хуулийн байгууллагад хандана” гээд гарлаа.
-Хэлэлцэж буй асуудлаас болоод түр тар хийх юм байлгүй яах вэ. Түүнээс хурал хэвийн болсон. -Нэр бүхий дөрвөн гишүүн Ил захидал гаргасантай холбоотой маргаан өрнөсөн юм биш үү?
-Ил захидлын талаар яриагүй. Түүнд авах ч, гээх ч санаа бий. Удирдах зөвлөлөөр ярина. Дараа нь Бүлэг жич ярина. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өчигдөр зарим гишүүнийхээ батлахыг шинэчлэх гэж Бүлгийн хуралдаанд оролцсон юм байна. Үнэндээ тэрбээр МАХНын үеийн “террорист” зангаа МАН тавихгүй байна гэсэн агуулгатай захидал бичсэн дөрвөн гишүүндээ хатуухан сануулга өгөх гэсэн бололтой. Тэдний хооронд маргаан өрнөжээ.
Өнөө хэд нь гишүүний батлахаа шинэчлүүлэхгүй гэсэн юм байх. Хариуд нь У.Хүрэлсүх “Бүтэн байгаа аягыг та нар хагалах гэлээ” гэжээ. Ц.Даваасүрэн гишүүн ч уурсаж, идэж уух сав руу минь битгий өнгийгөөд байгаарай гэснээр маргаан асжээ. Түргэн зантай генсек нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарыг “ална” хэмээн сүрдүүлсэн байна.
Өнөөх нь ч “Алчих, тэгвэл” хэмээн өндөлзжээ. Мэдээж хүн амины хэрэг гаралгүйгээр маргаан төгссөн. “Зөрүүд” гишүүдийнхээ батлахыг ч сольж өгсөн гэнэ. Ингээд үдээс өмнөх хуралдаан завсарлаж, 16 цагийн үед үргэлжлэв. Түүнд Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.БатЭрдэнэ, Д.Тэрбишдагва нар оролцсонгүй.