
БНСУ-ын Нувон дүүргийн нэгэн байрнаас гурван эмэгтэйн цогцсыг өнгөрсөн сард олжээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд ээжийнхээ хамт хоёр охин нь бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Хэргийг үйлдэгч 25 настай Ким Тэ Хён нь цахим тоглоом тоглох үеэрээ нэгэн бүсгүйтэй танилцсан бөгөөд улмаар түүнтэй уулзах санал тавьсан гэнэ. Гэвч бүсгүй уулзах саналаас нь татгалзсан учир гэрт нь очиж, ээж, эмэгтэй дүүгийнх нь хамт хөнөөсөн байна.
Амь үрэгдсэн эмэгтэйн найз цагдаагийн байгууллагад “Найзтайгаа холбоо барьж чадалгүй гурав хоносон. Сураггүй алга болчихлоо” хэмээн дуудлага өгчээ. Улмаар цагдаагийн газрынхан сураггүй алга болсон эмэгтэйн гэрт очиход хэдий нь амиа алдсан байсан гэнэ. Гэмт хэрэгтэн гурван бүсгүйг хөнөөснийхөө дараа цогцсыг нь гурав хоног гэрт нь нууж, өөрөө ч тэднийд амьдарч байж. Цагдаа нарыг очиход тэрээр амиа хорлохыг завдсан бөгөөд эмнэлгийн тусламж авсныхаа дараа мэдүүлэг өгч эхэлсэн байна.
Түүний овог, нэр, гэрэл зураг зэрэг хувийн мэдээллийг БНСУ-ын цагдаагийн байгууллагынхан олон нийтэд уржигдар дэлгэсэн бол өчигдөр хэрэг үйлдэхээс 10 минутын өмнө хохирогчийн байнгын үйлчлүүлдэг байсан интернэт тоглоомын газраар орсон дүрс бичлэгийг цацжээ.
Гэмт хэрэгтэн дээрх тоглоомын газраар орсныхоо дараа хохирогч эмэгтэйн гэрт шуудан хүргэлтийн ажилтны дүр эсгэн очиж, ганцаараа байсан эмэгтэй дүүг нь, таван цагийн дараа гэртээ ирсэн ээжийг нь хөнөөсөн гэнэ. Тэрбээр эл хэргийг үйлдэхдээ нарийн зохион байгуулсан бөгөөд гар утсаараа хамгийн сүүлд “хурдан хугацаанд хүн хэрхэн алах вэ” зэрэг хайлт хийсэн байжээ. Улмаар гурван эмэгтэйн хүзүү хэсгийг гэмтээж, хороосон байна.