Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулжээ. Тухайлбал, хэвлэл мэдээллийн агуулгад эерэг өнгө ая давамгайлж байгаа бөгөөд үүний дийлэнх нь төрийн байгууллага, улс төр, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байна. Мэдээллийн хамрах хүрээ ихэвчлэн үндэсний хэмжээнд болон нийслэлд төвлөрч буй гэнэ. Сонин хэвлэлээр орон нутгийн асуудлаар хамгийн их мэдээлдэг боловч энэ нь нийт агуулгын 10 хувьд ч хүрдэггүй аж. Газар зүйн хувьд аймаг, сумын асуудал хөндсөн мэдээлэл сонинд ес, мэдээллийн сайтад дөрөв, телевиз гурван хувийг эзэлж байжээ.
Харин эх сурвалжийн олон ургальч байдлын тухайд жендерийн харьцаа алдагдсан хэвээр. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ашиглаж буй эх сурвалжийн 72 хувь нь эрэгтэй. Энэ нь 10 эх сурвалжийн долоо нь эрэгтэй хүн байна гэсэн үг юм. Ташрамд, судалгааны дэлгэрэнгүй тайланг удахгүй монгол, англи хэлээр хэвлэн олны хүртээл болгох гэнэ.
Ч.Цэлмэг